ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАЗРЫГ А.СҮХБАТ, Н.БАГАБАНДИ, Д.ОЮУНТҮЛХҮҮР НАР АВЧЭЭ

2020-03-14 152

Бөхчүүд бөхийн өргөөгөө тойроод бөөн хэрүүл болж байгаа. Гэтэл үндэсний баяр наадам болдог Төв цэнгэлдэх хүрээлэн нэг хүний мэдэлд шилжжээ. Цэнгэлдэх тойрсон газрыг дуучин, бөх, ерөнхийлөгч асан хүмүүс хуваан авсан байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын хоёр өдөр очиж, үндэсний бөхөө үзэн, хааяахан хавар намартаа болох шоу тоглолтыг залуус очиж үздэг. Төв цэнгэлдэх хүрээлэн нийтдээ 105х68 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай. Гэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнд зөвхөн дугуй стадион биш, түүний эргэн тойрны газар, тэнд байршсан сур харваа, шагайн харваан талбай, үйлчилгээний туслах барилга байгууламжууд хамаардаг. Одоо Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газрууд хувь хүний эзэмшилд шилжиж, төв цэнгэлдэх хүрээлэнг тойрон өндөр өндөр барилга баригдсаар. Анх 38 га, эсвэл 32 га газартай байсан гэдэг. Өнгөрсөн хорь гаруй жилд Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газар багассаар одоо 8 орчим га газартай үлджээ. Харин бусад газрыг томчууд дээгүүрээ хуваагаад авсан гэж болно. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд газар эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээдийг монголчууд мэддэг болсон. Төв цэнгэлдэх хүрээлэнд том газар эзэмшдэг хүн бол УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат. Түүний хамаарал бүхий “Хүчит эрдэнэ” компани  600 ам.метр газар эзэмшдэг. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Д.Оюунтүлхүүрийн үүсгэн байгуулсан “Оюунтүлхүүр сан” 1,2 га газар эзэмшдэг байна. Нэг үе туг барьж Хотын дарга байсан, дараа нь “тугал хариулж” хорих газар хоёр жил хүмүүжсэн Хотын дарга асан Ц.Батбаярын төрсөн дүү мөн энд газар эзэмшдэг байна. Тэрчлэн Ерөнхийлөгч асан Нацагийн Баганбанди, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, “Эрэл”-ийн Эрдэнэбат зэрэг албан тушаалтай, нэр нөлөө бүхий эрхмүүд энд газар эзэмшдэг аж.

Уг нь Төв цэнгэлдэх хүрээлэн 1992 он хүртэл 100 хувь төрийн мэдэлд байсан юм. Харин одоо 51 хувийг нь “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК нэртэй хувийн компани эзэмшиж, 49 хувийг нь Улаанбаатар хотын захиргаа эзэмшиж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Т.Нямдаваа гэдэг нууцлаг эрхэм  байдаг. Монголчуудын Үндэсний их баяр наадам тэмдэглэдэг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг Т.Нямдаваа гэх иргэн хувьчилж авснаас хойш энэ обьект нийслэлийн хяналтаас гарсан. Нэг үгээр хэлбэл бид иргэний өмч дээр баяр наадмаа хийдэг гэсэн үг. Т.Нямдаваа Сэлэнгэ аймгийн улаан буудай тариалалтын талыг эзэмшдэг гэсэн. Тэд Төв цэнгэлдэхэд наадам хийхээс гадна өөр арга хэмжээнд түрээсэлж, мөнгө олдог хэрнээ Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьдаа авснаас хойш нэг ч удаа засвар үйлчилгээ хийгээгүй гэнэ. Жил бүрийн наадмын засварыг улсаас хөрөнгө гаргаж засварладаг. Өнгөрсөн онд гэхэд улсаас 40 сая төгрөгийн төсөв гаргаж завсарлаж наадмаа хийсэн. Т.Нямдаваа энэ газрыг зөвхөн мөнгө олохын төлөө ашигладаг гэж шүүмжлүүлдэг. Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК наадмын талбайг 1,2 сая төгрөгөөр зүлэгжүүлэлт хийсэн гэдэг.

Холбоотой мэдээ