Б.Энх-Амгалан: Нөхцөл байдал хүндэрвэл Европ чиглэлийн нислэгийг зогсооно

2020-03-10 142

Б.Энх-Амгалан: Нөхцөл байдал хүндэрвэл Европ чиглэлийн нислэгийг зогсоож, Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргийг тусгай хуваарьт оруулна.

Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өгөхдөө “Нөхцөл байдал хүндэрвэл Европ чиглэлийн гарц болох Туркиш айрлайнс, Аэрофлотын нислэгийг зогсоох арга хэмжээ авна. Мөн Олон улсын Москва-Улаанбаатар, Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний урсгалыг тодорхой хуваариар явуулах шаардлага гарна.

Москва чиглэлийн нислэгийг зогсоох эсэх асуудлыг 14:00 цагаас хуралдаж байж шийднэ. Засгийн газрын хуралдааны дараа Зам тээврийн яам, Гадаад харилцааны яам, ажлын хэсэг хуралдаж бүх нөхцөл байдлыг тооцож үзнэ. Эх орондоо ирэх гэж буй Монголчууд байна шүү дээ. Тэгэхээр Улсын Онцгой комисс дахин хуралдана.

07:00 цагаас хойш орон нутгийн хөдөлгөөнийг зогсоосон. Үүнээс өмнө хөдөлгөөнд орсон хүмүүсээ татаж авна. Зам хаасантай холбоотойгоор 22 тээврийн хэрэгсэл 520 зорчигч бий гэдэг мэдээлэл ирсэн. Эдгээр хүн хүрэх газраа хүрнэ.

Цагдаагийн ерөнхий газраас Франц иргэний уулзсан хүмүүсийг тогтоосон, нэр ус, хаягийг тогтоож, 02:00 цагаас мэдэгдэж эхэлсэн. Эхнээсээ хүмүүс шинжилгээндээ хамрагдаж байна” гэв.

 

Холбоотой мэдээ