“ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ УРСГАЛ ЯАГААД “ГАЖ” ГЭЖ НЭРЛЭГДДЭГ ВЭ?

2020-03-05 468

“Гэртээ тогтохгүй, сүмийнхээ төлөө үхэхээс ч буцахгүй болчихдог юм байна лээ…”

“Гэр бүлийнхнээс чинь хэн нэгэн чамайг эсэргүүцэж байвал тэд чөтгөрт хорлогдсон байна…”

“Сүмдээ орлогынхоо арван хувийг өг гэдэг…” энэ мэт үгсийг “Шинэ тэнгэр газар” сүмд явдаг хүмүүс болон тэдний ар гэрийнхнээс нь олонтаа сонслоо.

“ШИНЧОНЖИ” БУЮУ “ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ УРСГАЛ ЯАГААД
“ГАЖ” ГЭЖ НЭРЛЭГДДЭГ ВЭ?

Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг “Шинчонжи” шашны сүмийн үйл ажиллагаатай холбоотой гэж БНСУ-ын Засгийн газар үзэж буй. “Шинчонжи” гэдэг нь “Шинэ, тэнгэр, газар” гэсэн утгатай бөгөөд тухайн хүнийг номлол сургаалдаа итгүүлэн гэр бүлээс нь хөндийрүүлж, зөвхөн шашиндаа үнэнч байхыг ятган сэнхрүүлдэг шашны урсгал юм.

Тэд шашныхаа төлөө худлаа хэлэх, хулгай хийхийг нүгэл гэж үздэггүй, хэрэв гэр бүлийнхнээс чинь хэн нэгэн нь чамайг эсэргүүцвэл түүний сүнсийг “Сатан хорлосон байна” гэж хэлэн “хүний тархийг угааж” орхидог аж.

Энэхүү шашны урсгалд автсан хүн өөрийн гэсэн ухаангүй болж, ажил, амьдрал, гэр бүлээ хаян сүмдээ очиход бэлэн байдаг. Иймээс Өмнөд Солонгос улсад тус шашны урсгалыг “гаж” гэж үзэн үйл ажиллагааг нь хязгаарласаар иржээ.

-“ШИНЧОНЖИ” МОНГОЛД НЭВТЭРЧ “УРХИА” ТАВЬСАН НЬ-

БНСУ-д олон хүний дургүйцэл, эгдүүцлийг хүргэж буй “гаж” гэж нэрлэгдсэн энэ шашны урсгал Монголд аль хэдийн нэвтэрч “мөчир, салаагаа ургуулаад” амжжээ. Та урьд өмнө нь “Гадаад хэлний үнэгүй сургалтад суулгаж өгье”, “Иог, фитнесийн хичээлд үнэ төлбөргүй явуулж өгье”, “Хөгжмийн үнэгүй сургалт” гэх мэт “үнэгүй” нэрээр, учир битүүлэг зүйл ярьсан хэн нэгэнтэй таарч байв уу.

Учир нь энэ бол тус шашны урсгалын гишүүн элсүүлэх түгээмэл “урхи”нь юм. Бидэнтэй холбогдсон хэд хэдэн эх сурвалж үүнийг нотолж байлаа. Тэдний хэлж буйгаар “үнэгүй хэлний сургалтад хамруулна” гэж анкет бөглүүлэн хувийн мэдээллийг авч, сүмдээ элсүүлдэг юм байна.

ИРГЭН Г: ЭЭЖ МААНЬ НАМАЙГ “ЧИ БОЛ ЧӨТГӨР ШУЛАМ ГЭЭД ЭХЭЛСЭН.
ЭЭЖИЙН МИНЬ АМНААС ХЭЗЭЭ Ч ТИЙМ ҮЕ ГАРЧ БАЙГААГҮЙ-

“Ээж маань гурван жил “Шинэ тэнгэр газар” сүмд надад мэдэгдэлгүй явсан байсан. Би саяхан хүүхэд төрүүлсэн юм л даа. Гэтэл ээж маань надад ерөөсөө туслахгүй, өглөө гараад орой орж ирээд байсан. Би ээжээс юу хийгээд байгааг нь асуутал “Би сургуульд явж байгаа юм” гэсэн юм. Ээж маань анагаахын салбарт ажилладаг болохоор би мэргэжил дээшлүүлэх сургалт юм байна гэж ойлгосон.

Гэтэл саяхан гэрээс “Шинэ тэнгэр газар” гэсэн маш их ном, хичээлүүд гарч ирсэн. Тэгээд ээжээсээ асуутал “Тэр сүмд явж байгаа” гэсэн. Мэдээж шашин шүтэх бол хүний эрх чөлөө шүү  дээ. Би ч нэг их сөргөөр хүлээж аваагүй юм.

Гэтэл ээжийн маань зан ааш их өөрчлөгдөж эхэлсэн. Би ээждээ та яагаад дөнгөж төрсөн охиноо анхаарахгүй байгаа юм бэ гэтэл “Чи бол чөтгөр, шулам” гээд л эхэлсэн.

Ээжийн маань амнаас хэзээ ч тийм үг гарч байгаагүй. Үүнээс болоод манай гэрт маш том хагарал болсон. Ээж охин хоёрын байх ёстой тэр бүх зүйлийг эвдсэн гэж хэлж болно.

Ээж тань тэр сүмд анх яаж элссэн юм бэ?

-Ээжийг бага байхаас нь найзалсан сайн найз нь элсүүлсэн юм байна лээ. Тэр сүм нь нууцаар үйл ажиллагаа явуулаад хүмүүст үнэнээ хэлж болохгүй гэж заадаг болохоор ээж эхэндээ таагүй хүлээж авсан гэсэн.

Гэтэл найз нь “Бид гарч ирэх цаг болоогүй байна” гээд л дахин дахин ятгаж, татаж чангаасаар байгаад сүмдээ бүр гүн оруулчихсан. Дараа нь ээж надад тусална гээд ажлаасаа чөлөө аваад гадуур хүнсээ цуглуулаад явж байхад нь сүмийн хүмүүс нь очоод “Та чөтгөр болох гэж байна.

Сүмдээ ир, хичээлээ хий” гээд бариад авсан. Сүмээсээ гарна гэтэл хүн итгэмээргүй аймшигтай үгээр дарамталж эхэлсэн.

Одоо сүмдээ явж байгаа юу?

Ээждээ тэр шашны талаар Солонгос нэвтрүүлгийг үзүүлээд, эвээр тайлбарлахад арай гайгүй болж эхэлсэн. Одоо сүмдээ явахгүй хоёр сар орчим болж байгаа.

Үүний дараа нь ээж рүү маань “сүмдээ ир, хичээлээ хий” гээд байнга залгаж, мессэж бичиж эхэлсэн. Би дугаарыг нь сольтол хаанаас юм бүү мэд олоод л залгаад байдаг. Аргаа бараад тэр дугаар руу нь залгатал “Та дугаар андуурсан байна” гээд тасалчидаг.

Товчоор бол хүнийг гэр бүлээс нь тусгаарлаж орхидог. Ээж зүгээр л намайг хаячих, зөнгөөр нь орхичих гээд байсан. “Гэрийнхэндээ итгүүлэх гэж оролд. Үгүй бол шууд хая, Сатаны хорлол болсон байна” гэж хэлдэг гэсэн.

 

Холбоотой мэдээ