Б.Хурц Баянзүрх дүүргээс нэр дэвшинэ

2020-03-05 199

Улсын дээд шүүх өнгөрсөн сарын эхээр  ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч,  С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг хянаж байгаа талаараа мэдээлсэн билээ. Уг хэргийн шүүх хурал одоогоор товлогдох эсэх нь тогтоогдоогүй байгаа. Гэтэл уг хэрэгт холбогдогчид буюу гүйцэтгэх тушаалсан өгсөн гэх хүмүүс УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр мөнгөө төлчихсөн  явна.

Ардчилсан нам ирэх сонгуульд нэр дэвших сонирхолтой гишүүдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авч буй.  Албан бус мэдээллээр тойргоосоо хэд дахин олон гишүүд нь мөнгөө төлсөн гэх.

Учир нь тухайн гишүүн нь 100 сая төгрөгөө төлчихөөд ҮБХ-оос нэр дэвших эрх олж авч чадахгүй бол нам улс төрийн дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдэгдчихсэн. Өөрөөр хэлбэл АН хэрвээ сонгуульд ялбал 100 сая төгрөг өгсөн гишүүддээ албан тушаал амлах нь тодорхой болсон.

Тэгвэл эдгээр дэнчингээ төлсөн гишүүдийн дотор ТЕГ-ын дарга асан Б.Хурц байгаа гэнэ. Тэрбээр Ардчилсан намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр дэнчингийн мөнгө болох 100 сая төгрөгөө намдаа тушаасан байна.

Уг нь түүний холбогдсон хэргийг өнгөрсөн наймдугаар сард Төв аймгийн сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургаан өдрийн турш хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэсэн.  Харин прокурорууд хэргийн бүрдэл хангагдсан, нотлох баримт хангалттай гэж үзээд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм.

Тус шүүх өнгөрсөн аравдугаар сард тэдэнд холбогдох, бусдыг эрүүдэн шүүсэн, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэх хэргийг хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон билээ. Уг магадлалыг нь хэргийн холбогдогчдын өмгөөлөгч нар үндэслэлгүй гэж үзэн Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд хяналтын шатны шүүхийн шүүгчид хэрхэн шийдвэрлэх нь өдгөө тодорхойгүй байгаа юм. Ял сонсч, аавын хаалга ч татах өндөр магадлалтай тэд хэнд, юунд найдаж, ирэх сонгуулийн ажлаа эхлүүлж, ирээдүйн албан тушаалаа мөрөөдөж суугаа юм бол…

Эх сурвалж: Tovch.mn

Холбоотой мэдээ