БОКСЧИН Х.ЭНХ-АМАР ДАСГАЛЖУУЛАГЧ О.БАТХҮҮГ ЭРҮҮГ НЬ ХУГАРТАЛ ЗОДЖЭЭ

2020-03-04 214

Монголын боксын шигшээ багийн тамирчид Хандгайтын аманд бэлтгэл хийх үеэр дасгалжуулагчаа зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд гарчээ. Хэргийг тодруулбал, “Токио-2020” олимпийн эрх олгох тэмцээн Йордон улсад зохион байгуулахтай холбогдуулж, Монголын боксын шигшээ багийн тамирчид Хандгайтын аманд бэлтгэлд гарсан байдаг. Энэ үеэр үндэсний шигшээ багийн тамирчин Х.Энх-Амарт ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн Монголын боксын холбооноос гаргасан шийдвэрийг танилцуулсан байна.

Уг шийдвэрийн дагуу 56 кг-ийн жинд улсын аварга болсон Х.Энх-Амарыг Йордон улсад зохион байгуулах эрх олгох тэмцээнд явуулах боломжгүй тухай дуулгажээ.

Харин түүний оронд ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатарыг явуулахаар шийдвэрлэсэн нь Х.Энх-Амарыг ахлах дасгалжуулагчтайгаа муудалцах шалтгаан болжээ.
Тэднийг ийн маргах үеэр Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү ирж, “Тамирчин хүн ахлах дасгалжуулагчтайгаа ингэж болохгүй” гэсэн утгатай үг хэлсэн байна. Үүнийг сонссон Х.Энх-Амар дасгалжуулагч О.Батхүүтэй маргалдаж, улмаар биед нь халдсан аж.

Тэнд байсан хүмүүс Х.Энх-Амарын энэ үйлдлийг зогсоох ёстой байсан ч дүү Х.Энхмандах нь нэмж гар хүрчихээд явсан гэнэ.

Ийнхүү Х.Энх-Амар, Х.Энхмандах нарт зодуулсан дасгалжуулагч О.Батхүүгийн биеийн байдал нь хүнд Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгджээ. Шинжилгээгээр О.Батхүүгийн эрүү нь хугарч, тархины яс нь цуурсан гэсэн онош гарсан байна. Уг асуудлаар дасгалжуулагч О.Батхүүгийн зүгээс цагдаагийн байгууллагад хандалгүй, олон улсын тэмцээнд оролцохоор явжээ.
Мөн Монголын боксын холбооноос Х.Энх-Амар ямар нэгэн хариуцлага тооцолгүй, нуун дарагдуулаад өнгөрч байгаа бололтой.
С.Сүлд
Эх сурвалж: http://www.24tsag.mn/a/179958

Холбоотой мэдээ