“МИАТ” ТӨХК, “КОРЭЙН ЭЙР” КОМПАНИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРЛАА

2020-03-04 58

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хооронд энэ оны нэгдүгээр сард Агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулж хоёр улсын харилцан нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлсэн билээ.

Үүний дагуу хоёр орны хоорондын агаарын тээврийн зах зээлийг хөгжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, өрсөлдөх чадвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь БНСУ-ын “Корэйн Эйр” компанитай өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, “Корэйн Эйр” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Kee Hong WOO нар үзэглэв.

Санамж бичигт хоёр авиа компанийн коммерийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, МИАТ-ийн нислэгийн сүлжээг өргөжүүлэх зорилгоор Сөүл хотоор дамжуулан гуравдагч улс руу борлуулалт хийх, ачаа тээшний чиглэлээр блок гэрээ байгуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр нарийвчлан тусгажээ.

Өөрөөр хэлбэр, Сөүл хотын Инчеон олон улсын нисэх буудлаар дамжин Япон Улсын Осака, Австрали Улсын Сиднэй болон Сингапур улсууд руу МИАТ компанийн ОМ аяллын дугаартай тийзээр хялбар, шуурхай аялах, нислэгийн сонголт нэмэгдэж, олон сонголттой тарифаар ая тухтай үйлчлүүлэх боломжийг зорчигчдод олгож байгаа юм. Түүнчлэн МИАТ компанид Зүүн Өмнөд Ази, Австралийн чиглэлд нислэгийн сүлжээг өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, зардал бууруулах, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх зэрэг өргөн боломж нээгдэж байна.

Ийнхүү агаарын тээврийн компаниудын стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хоёр орны агаарын харилцааг шинэ шатанд гаргах хамтын ажиллагааны баримт бичиг байгуулагдлаа.

Дашрамд дурдахад, Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хоёр орны нутаг дэвсгэрт болон тэдгээрийн хилийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай” хэлэлцээрийн дагуу хоёр оны нийслэл хот хооронд “МИАТ” ТӨХК нь 1994 оноос, “Корэйн Эйр” компани 1995 оноос тус тус хуваарьт нислэг гүйцэтгэж эхэлсэн билээ.

 

 

 

Холбоотой мэдээ