Иргэн Б.Оюун-Эрдэнэ сайн дураараа орцны шал, хөршүүдийнхээ хаалгыг угааж, ариутгажээ

2020-03-03 137

Вива сити хорооллын оршин суугч Б.Оюун-Эрдэнэ коронавирусийн дэгдэлттэй энэ үед сайн дураараа орцныхоо шал, хөршүүдийнхээ хаалга, цахилгааны шийдийн хайрцаг зэргийг хлораминтай халуун усаар угааж, ариутгасан талаараа хорооллынхоо оршин суугчдын фэйсбүүк бүлгэмд өчигдөр бичсэнээр олон хүмүүсийн талархлыг хүлээсэн юм.

Тэрээр постдоо:  

Төдийлөн цаг их ордоггүй юм байна. 30 минутын дотор гялалзуулчихлаа. Шалаа мөлхөх нь холгүй угаагаад, хүж асааж тавилаа. Гаднаас орж ирэхэд манай коридор гоё үнэртэй болсон байх даа. Энэ жижигхэн газрыг угаасан чинь сэтгэл онгойчихлоо. Заавал үйлчлэгч эгч гэхгүй, бүгдээрээ нэгдээд ганц удаа ч болов цэвэрлэчихвэл сайхан л юм байна. Коронавирусээс үр хүүхдээ болон өөрсдийгөө хамгаалаарай ээж аавуудаа! гэжээ.

Бид өнөө өглөө Б.Оюун-эрдэнэтэй холбогдож, сэтгэгдлийг нь сонслоо.

“Би хүүхдээ харахынхаа хажуугаар, захиалгаар бялуу хийдэг ээж юм. Коронавирусээс сэргийлэхээр хүн бүр л дор бүрнээ хичээж байна. Нус, шүлс гээд агаар дуслын замаар халдварладаг  вирус учир хүүхдүүдээ бас хөршүүдээ вирусээс хамгаалахын тулд багахан сэтгэл гаргасан төдий. Гэтэл хүмүүс маш эерэгээр хүлээн авч, урам хайрлаж, талархсан сэтгэлээ бичсэн байсан. Түүнээс маш их урамшиж дахиж цэвэрлэе гэсэн сэдэл төрсөн. Зарим нь бие биенээ уриалж байна лээ. Хөрш бүр нэгэндээ санаа тавьдаг, бие биенээ таньдаг бол хуучин цаг шиг хөршийн сайхан харилцаа үүсгэх боломжтой байх. СӨХ, болон үйлчлэгч нарыг хүлээхгүйгээр өөрсдийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө багахан сэтгэл гаргаж энэ хөнөөлт вирусээс сэрэмжилье гэж уриалмаар байна” гэсэн юм.

Өөрийн гэр бүл төдийгүй хөршүүдийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаг энэ мэт сайн хөршүүд олон байгаасай. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлье. 💕

Холбоотой мэдээ