Ивомектэй мах, сүү ХОРТ ХАВДАР үүсгэдэг

2020-03-02 200

 

Монгол малчид ивомекийг малын бүхий л өвчинд хэрэглэдэг эм гэж ойлгодог. Тиймээс малд нь ямар нэг өвчний шинж тэмдэг илрэхэд малын эмчид хандалгүйгээр, өөрсдөө ивомек тарьчихдаг.

Малын 1 кг маханд 0-2 мкг авермектин, 0-1 мкг ивермектин байвал хүний эрүүл мэндэд аюулгүй гэж үздэг. Авермектин бол малаас хүнд халдан, сохрох өвчин үүсгэдэг шимэгч хорхойг устгах үйлчилгээтэй эм. Энэ эмийг Ирландын шимэгч хорхой судлаач Уильям Кемпбелл, Японы микробиологич Сатоши Омүра нар бүтээж, 2015 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Харин ивермектин бол мал, амьтны гадаад болон дотоод шимэгчийг устгах үйлчилгээтэй антибиотик юм. Манай улсын бүртгэлд ивермектин агуулсан 61 нэр төрлийн эм бүртгэлтэй байна.

Мал эмнэлгийн хүрээлэнд хийж буй шинжилгээгээр малын махнаас зөвшөөрч болох хэмжээнээс хэд дахин их хэмжээний ивермектин (ивомек) илэрч байгаа аж. Малд хэрэглэсэн эм биеэс нь бүрэн гадагшлаагүй байхад нядалж, хүнсэнд хэрэглэвэл хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай. Эм, химийн бодисууд мал, тахиа, гахай зэрэг амьтны дотор эрхтнүүд, булчин, яс, өөхөнд хуримтлагддаг. Эм тариа замбараагүй тариулсан малын эд эрхтэн тэдгээр эм тарианд хордон, өвчин үүснэ.

Ивомекийн найрлаганд байгаа бодисууд малын мах, сүүгээр дамжин хүний биед байнга орвол эсвэл нэг удаад их хэмжээгээр орвол харшил үүсгэх, хордлогонд оруулах, хүүхдийн тархийг гэмтээж, юм санах, тогтоох чадварыг бууруулах, жирэмсэн эмэгтэйд ургийн гажиг үүсгэх, эмэнд хэт мэдрэг болгох, хавдар үүсгэх, дотоод шүүрлийн булчирхайнуудын үйл ажиллагааг алдагдуулах зэрэг сөрөг үр дагавар үзүүлдэг байна. Мөн ивомектэй мах идэж, сүү уудаг хүний бие махбодь янз бүрийн өвчний нянг эсэргүүцэх чадвар муутай болдог.

Тиймээс ч эм туулга уулгасан, тариа хийсэн малын мах, сүүг 14-21 хоног хүнсэнд хэрэглэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хориглодог. Хамгийн ноцтой нь ивомектэй малын махыг чанах, сүүг хөөрүүлэхэд эм устаж алга болдоггүй, харин ч ивомекийн найрлаган дахь бодисууд дахин задарч, өөр хортой нэгдэл үүсгэдэг юм байна.

Холбоотой мэдээ