Л.Бямбаа агсаны хэрэгт холбогдсон 461-р ангийн экс ажилтнуудын 2 нь эмэгтэй

2020-03-02 197

Өнгөрсөн 2019 оны 2-р сарын сүүлээр АТГ-аас тухайн үед олны анхаарал татаж байсан Салхитын ордтой холбоотой хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан. Баривчилгааны үеэр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой хөдөлшгүй нотлох баримтуудыг хураан авснаар цагдан хорих үндэслэл бий болсон гэдэг. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход Л.Бямбаа өөрийн хоригдож байсан өрөөндөө хоолойгоо боомилж амиа алдсан байдалтай олджээ. Энэ хэрэгт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн Г.Сүхболд нарын таван экс албан хаагчид албан үүрэгтээ “хайнга хандах” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн.  Тэд тухайн үед ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуулын бага дарга, жигүүрийн хамгаалалтын ажилтан, дүрс бичлэгийн хяналтын ажилтнаар ажиллаж байсан агаад хоёр нь эмэгтэй гэнэ. Энэ хэрэг анхан шатны шүүхээс хяналтын шатанд шилжиж эргээд прокурор руу буцсан ч шинэ шүүх нөгөөдөр товлогджээ. Хэрэгт холбогдогсод хэрэг гарах үед тухайн камерээс 400-500 метр зайд байсан тул өөрийгөө буруугүй гэж үзэж байна.  Өмгөөлөгч нар хэрэг гарахад хорих ангийн камерийн хяналтын техникийн бололцоо, боломж муу байсантай холбоотой гэж маргасан. Хянагч нар нь 130 гаруй дэлгэцийг хянадаг, хоёрхон маустай ажилладаг байсан гэнэ. Өмнө нь төсөв хөрөнгөнөөс болж удсан асуудал хэрэг гарсны даруй хурдан шуурхай шийдэгдсэн байна. Шүүх шинжилгээгээр талийгаачийн ходоодонд нь ямар ч хоолны үлдэгдэл байхгүй гэж гарсан.  Мөн хэргийн дараах үзлэгээр камертаа шилтэй крем авч орсон байсан гэнэ.

 

Холбоотой мэдээ