Австрали улс “Covid-19” вирусийн эсрэг анхны туршилтын вакциныг үйлдвэрлэж эхэллээ

2020-02-29 190

Шинэ төрлийн коронавирусийн халдвараар нас барсан анхны тохиолдол Хятадын Ухань хотод бүртгэгдсэнээс хоёр сарын дараагаар Австрали улс “Covid-19” вирусийн эсрэг анхны туршилтын вакциныг үйлдвэрлэж эхэллээ.

Тухайлбал, Австралийн Квинслендийн их сургуулийн эрдэмтэд өөрсдийн зохион бүтээсэн молекул тусгаарлах технологийн тусламжтай “Covid-19” вирусийн эсрэг вакцин гарган авахаар эрчимтэй ажиллаж байсан юм. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Мельбурн дахь нэгэн үйлдвэр амьтдад туршиж эхлэх боломжтой коронавирусийн эсрэг уг вакцины туршилтын тунг үйлдвэрлэж эхэлжээ. Австралийн Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн судалгааны байгууллага буюу “CSIRIO” өнгөрөгч пүрэв гаригт энэхүү туршилтын вакцины холбогдох судалгаа, зөвшөөрлийг хүлээн авсан бөгөөд баасан гаригаас эхлэн үйлдвэрлэх ажилд орсон байна.

БНХАУ-ын эрдэмтэд өнгөрөгч нэгдүгээр сарын 11-нд шинэ төрлийн коронавирусийн генийн дарааллыг амжилттай тодорхойлж, мэдээллээ олон нийтэд нээлттэй хуваалцсаны дараагаар дэлхий дахинд хэд хэдэн лабораториуд уг тахлын эсрэг вакцин гаргаж авах ажил эрчимтэй өрнөж эхэлсэн. Одоогоор профессор Пол Янг тэргүүтэй Квинсленд их сургуулийн эрдэмтдийн баг энэхүү өрсөлдөөнд хамгийн хол яваад байна.

Тэдний боловсруулсан вакцин нь вирусийг хурдан хугацаанд илрүүлж, хамгийн гол нь түүнийг тэжээж байдаг уургийн бүрэлдэхүүнийг онилон устгах зарчмаар ажилладаг байна. Гэсэн ч вирус нь өөрийгөө өнгөлөн далдалснаар хүний дархлааны системийг тойрон гардаг. Харин молекул тусгаарлах технологи нь тэрхүү вирусийг бай болгож дархлааны системд илрүүлэхэд тусалдаг аж.

Одоогоор уг вакциныг амьтад дээр туршиж аюулгүй байдал болон элдэв гаж нөлөөг судалсны үндсэн дээр хүнд турших боломжтой.

Эх сурвалж: The Age

Холбоотой мэдээ