Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 01 дүгээр 20-ны өдрийн “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 9, 17, 23, 27 дугаар хороодын айл өрхүүдэд гэр хорооллын айл өрх, ард иргэдийг хамруулан болзошгүй эрсдэлийг бууруулах, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт, өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж  ажиллалаа.

Тус арга хэмжээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтаар 491 айл, өрх хамрагдаж, цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан 292, гэр, байшингийн хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн 47, үнс, нурмаа ил задгай асгасан үнс нурамны сав таггүй 29, пийшин зуух гэмтэлтэй 17, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу 87, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог 5, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж 3, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман доор буусан 16 зэрэг 496 зөрчил, дутагдлыг илрүүлэн 121 зөрчлийг арилгуулж, зөрчил илэрсэн айл өрхөд аюулгүй байдлыг хангах чиглэлээр анхааруулга, заавар, зөвлөмж, сэрэмжлүүлэг тараах материалыг хүргүүлэн ажилласан.

Иймд иргэн та :

– Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

– Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

–  Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

– Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах, ил галаар автомашины мотор болон бусад явах эд ангийг халаахгүй байхыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  анхааруулж байна.