Иргэн Ж.Дашдаваа нэг сая төгрөгийг ЭМЯ-нд хандивлалаа

2020-02-29 119

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Монгол Улсын иргэн Ж.Дашдаваа өөрийнхөө болон гэргийнхээ тэтгэврийн мөнгийг нэгтгэн нэг сая төгрөгийг ЭМЯ-нд хандивлалаа.

Ж.Дашдаваа “Эе эвээ хичээж, сэтгэл бодлоо нэгтгэж чадах аваас аливаа учрах бэрхшээлийг даван туулж чадна гэсэн мэргэн сургааль бий. Монгол түмэн маань аливаа бэрхшээлийг давж туулсаар ирсэн. Давж туулах ч болно. Манай төр засгаас энэхүү онцгой байдлын үед тогтоосон дэг журам, Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн зарлиг, бусад шийдвэрийг Монголын ард түмэн, нийт байгууллага сайнаар хүлээж авч, хэрэгжүүлж байгаад талархаж байна. Цаашид төр засгийн шийдвэрийг хүндэтгэж, хэрэгжүүлэх нь онцгой чухал юм. Иргэн бүр эрх, үүрэг, хариуцлагатай. Дэлхий дахинд тархаж буй аюулт коронавирусын халдварын эсрэг хүн бүр хүчээ нэгтгэж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллага үнэхээр сайн ажиллаж байгааг сайдын өмнө хэлмээр байна. Би өөрийнхөө болон гэргийнхээ нэг сарын тэтгэвэр болох нэг сая төгрөгийг ЭМЯ-нд хандивлаж байна. Миний хандив бага ч гэсэн дуслыг хураавал далай болдог. Иймд нийт ард түмэндээ өөрсдийн боломжоороо хандив өргөөрэй гэж уриалмаар байна” гэлээ.

Холбоотой мэдээ