Дархан аварга Г.Өсөхбаяр ЭМЯ-нд 5000 ширхэг амны хаалт хандивлалаа

2020-02-28 231

Монгол Улсын Гавьяат тамирчин, Далай даян, дархан аварга иргэн Г.Өсөхбаяр өнөөдөр Эрүүл мэндийн яаманд 5000 ширхэг амны хаалт өгчээ. Эдгээр амны хаалтыг нэн шаардлагатай байгаа эрүүл мэндийн ажилтнууддаа яаралтай хүргүүлнэ гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Г.Өсөхбаяр Эрүүл мэндийн сайдад ил захидал хүргүүлсэн байна. Захидалдаа,

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ ТАНАА

Аюулт өвчин гараад нилээд хугацаа өнгөрлөө. Өнөөдөр дэлхийн 50 улсад аюулын харанга дэлдэж буй энэ үед манай засгийн газар, УИХ, ялангуяа эрүүл мэндийн салбар бүхлээрээ монголчууд бидний эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үүргээ нэртэй төртэй гүйцэтгэж байна. Иймд үед иргэн бүр хариуцлагатай байж, мөн өөрийн боломж бүхнээр аюулт тахлаас урьдчилан сэргийлэхэд оролцох ёстой гэж би бодож байна.

Тиймээс өнөөдөр гэрийн бүлийнхээ өмнөөс монголчууддаа эрүүл энхийг хүсэж, 5000 амны хаалтыг хэрэгцээтэй газар нь хүргэж өгөөрэй гэж нэмэр болж байна. Монголчууд бид бие биенээ хайрлах, хууль цаазаа чанд сахин эх орон ард түмнээ хайрлах ухамсарт ард түмэн гэдэгт би итгэдэг.

Энэ дашрамд төрийн бүх албаныханд Засгийн газар, Эрүүл мэндийн салбарынхан, цагдаа, Онцгой байдлынхан, цэрэг армийнхандаа бидний төлөө цаг наргүй ажиллаж байгаад иргэний хүнийхээ хувьд талархаж буйгаа илэрхийлж байна.

Аюулт өвчин холуур тойрч, монгол түмний минь хийморь золбоо өөдөө байхын ерөөл өргөе!
МУ-ын гавьяат тамирчин, Далай даян дархан аварга иргэн Г.Өсөхбаяр гэжээ.

Холбоотой мэдээ