Бизнес эрхлэгчид жижиг, дундынхан дампуурлын ирмэгт тулжээ

2020-02-28 211

Нэг зүйл дээр дуугарахгүй бол болохоо байлаа! Бизнес эрхлэгчид маань үнэхээр хүнд байдалд ороод эхэлжээ. Ялангуяа жижиг, дундынхан. Тойргийнхоо хэдэн залуусаас зовлонгий нь сонслоо. Орлого тасраад байхад өчнөөн саяар түрээс төлсөөр мажийх дээрээ тулж. Коронавирусээс болж худалдаа, үйлчилгээ явуулдаг жижиг бизнесүүд сүйрэх замдаа орчихсон байна. Хорио цээр дахиад ч үргэлжлэхээр байдаг. Талбай түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг бүхэн хүнд байдалд орсон. Он гарсаар орлого нь эрс багассан, зарим нь ноль заасан, өчигдөр захирамж гарч бүр хаах ёстой болчихсон. Үйлчилгээний байгууллагууд орлогогүй 2-3 сарын түрээс, бас бус зардал төлсөөр эргэлтийн жаахан хөрөнгө нь дуусах нь дуусч, дундрах нь дундарсан. Худалдааныхны хувьд орж ирэх хүн эрс багассан, урдаас татдаг бараа нь зогссон (хятадад үйлдвэрүүд алдаг оног) бас л хоосон түрээс төлөөстэй. Гэр бүл, ах дүүгээрээ бизнес эрхэлдэг бол “оптоороо” нэрвэгдэх замдаа орсон.
Том бизнестэй, эсвэл төрийн бизнестэй улс төрчдийн хувьд хоолойн дээр нь хутга ирээгүй. Тийм улс төрчид оноо авах, гоё харагдахаа л бодно. Тэгтэл 10 хүн, 20 хүн араасаа чирдэг зүтгүүрийн жижиг депонууд үгээ барж байна. Нийт бизнес эрхлэгчдийн 80 гаруй хувь нь. ЖДҮ нь хэзээ ч олдож байгаагүй, өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ зүтгээд ирсэн, хэдэн хүний амьдралыг нуруун дээрээ авч явдаг. Төрөөс хайр хишиг горьддоггүй. Харин төр бол тэднийг дуртай үедээ сэгсэрдэг. Бүр хайр найргүй шүү! Төрийн байгууллагын хурган дарга нар, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой, татвар, өөр юу байдаг юм тал талаас дарамтлаастай. Татвар төлөөстэй, элдэв үүрэг хариуцлага үүрээстэй, эс бөгөөс торгоостой шийтгээстэй. Тэглээ гээд зовлонгоо өөрөө л үүрч, дотроо л залгиад явдаг.
Өөрөө өөртөө эзэн болоод энэ монголын эдийн засгийн эд эсийг бүрдүүлээд авч яваа амьжиргаатай, хариуцлагатай, ажилсаг тэр л давхрагынхан. Хандах газар байдаггүй. Өөрсдөө ч эвлээд нэгдээд дуугараад байгаа юм байхгүй.

Том компани анхнаасаа том төрдөггүй. Бүгд л жижиг үр хөрвөлөөс эхтэй. Гэтэл өнөөдөр тэр бүх үр хөрвөлүүд нялх дээрээ няц даруулах байдалд орж байна. Тоож байгаа бодлоготон алга.
Коронавирусээс үүдэж төр хэд хэдэн шийдвэр гаргалаа. Энэ бол “давагдашгүй хүчин зүйл”, форс мажор. 100 хувь биш юмаа гэхэд 50 хувь гэх мэт тогтоож болдог байх. Төдийчинээ түрээсийн болон эрх, үүргийн харилцаанд хөнгөлөлт эдэлж, харилцан ойлголцож, зовлонгоо хуваалцаж шэйрлэх ёстой бишүү? Байшин барилгыэ эзэд цаанаа бас банкинд гм өртэй байж болно. Тэгвэл тэр буцаан төлөлт, зээлийн хүүн дээр бас 50:50 зарчим хэрэглэх боломж юу байна? Гадаадаас зээл, санхүүжилттэй бол тэртусмаа дэлхий нийтээрээ ярьж байгаа асуудал, ганц Монголын форс мажор биш гэдгийг ойлгоно. Хүнд үеээ бид хамтдаа давах ёстой.

DYBERG KERN-ий @Khaliun Solikhor энэ тухай дуугарч, Ерөнхий сайдад бичиг өгсөн байсан. Сайн хэрэг. Бүр олуулаа дуугарах хэрэгтэй. Асуудлаа дотроо хадгалах биш, гаднаа гаргаад ярилцаад, нийгмээрээ ойлголцоод явах асуудал. Санал нэг бол ядаж нэг комент! Эхний алхам тэр.

М.Тулгат

 

 

Холбоотой мэдээ