Ц.Мөнхбаатар: Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол нийслэл рүү оруулах боломжгүй

2020-02-27 129

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийсэн билээ.

Энэ үеэр НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар: “Шинэ төрлийн халдвараас Засаг захиргаанаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд дотор илүүц зүйл гэж байхгүй. Нус цэрээ хаяхгүй байх, ил задгай газар бие засахгүй байх захирамжийн хүрээнд 6,000 орчим эргүүл гарч ажиллаж байна. Иргэдэд шаардлага тавихад зарим нь үл ойшоож байгаа хандлага байна гэнэ. Иймд иргэдийгээ ухамсартай байгаад шаардлага хүлээж авахыг хүсэж байна.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд албан хаагчид амралтын өдөргүй ажиллаж байгаа ойлгох хэрэгтэй. Дараагийн асуудал нь айлаар зорчихгүй байх явдал. Өвчний тархалт өндөртэй үед эрсдэл дагуулна гэдгийг дахин сануулж байна.

Мөн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлалсантай холбогдуулан иргэдийн зүгээс шалган нэвтрүүлэх товчоодод ажил эхэлсэн учраас хот руу орно, амралт дууссан гэх зэргээр албан хаагчдад хүндрэл учруулж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлана гэдгийг иргэд ойлгож, төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудад хамтарч ажиллахыг хүсч  байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ