УИХ-ын дарга хуулийнханд хатуухан үг чулуудлаа

2019-09-13 176

Өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хурал дээр УИХ-ын дарга Г.Занданшатар хууль хяналтын байгууллагынханаас хариуцлага нэхлээ.

Тэрбээр “Нэн ялангуяа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэр бүхий албан хаагчдын асуудал байна. Сүүлийн үед гаалийнхний асуудал яригдаж байна. Цаг үе чангарч, нийгэм өөрчлөгдөж байна. Шинэ мянган, шинэ зуунд интернет, гар утасны хэрэглээ чинь гэмт хэргийг газар дээр нь баримтжуулж, баталгаажуулж байна.

Нөгөө талаараа шүүхийн, хуулийн бүх ажил олон нийтийн хяналтад орсон. Баахан сүр дуулиан тарьдаг. Эхнээсээ яагаад холбоотой ажилладаггүй юм энэ хууль хяналтын байгууллагууд. Баахан сүр дуулиантай бичлэг цацаад. Шүүхээс гэм буруутай нь нотлогдоогүй байхад. Тэгээд нөгөө хэрэг нь сүүлдээ замхарчихдаг. Энд чинь ард иргэд дургүйцээд байна. Баахан том том улс төрийн шуугиан дэгдээдэг. Улстөржсөн агуулгатай болгодог. Ерөөсөө улс төржүүлдэг. Тэгээд нөгөөх нь сүүлдээ цуутай хүүхэн хуримгүй гэгчээр алга болчихдог. Шүүх дээр ч ийм юм байна. Хууль хяналтын байгууллагууд дээр ч ийм юм байна гээд бие бие рүгээ түлхчихдэг. Хүний эрх талаасаа болон авлигатай тэмцэх төрийн бодлого талаас нь нэгтгэж ойлгохгүй бол төрд итгэх ард түмний итгэл, хууль хяналтын байгууллага, шүүхэд итгэх итгэл ч гэсэн алдарч байна. Хууль дээдлэх ёс зарчмыг дээр дооргүй сахин биелүүлэх, улс төржилтөөс ангид байх зарчмыг хэрэгжүүлмээр байна. Үүнд л хууль хяналтын байгууллага нэг бодлоготой ажилламаар байна. Хоорондоо сөргөлдөөд байгаа юм шиг байна” хэмээх үгийг хуулийнханд чулуудлаа.

Холбоотой мэдээ