Одоо иргэд биднээс бүх зүйл шалтгаална, Монгол хүний саруул ухаанд найдах л үлдлээ дээ

2020-02-23 274

Дэлхий нийтийг ихэд түгшээгээд буй корона вирусийн халдвараас одоохондоо монголчууд бид “бултаж” дөнгөөд байна. Дээд тэнгэрээс заяатай төрснийх ч байх. Дэргэдэх малын минь шимт мах шүүс, эмт идээ ундааных ч байх. Дээрээс нь халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төр, засгаас шат шатандаа авч чадсаных ч биз. Ямартай ч Чингисийн монголчууд үнэхээр дархлаа сайтай ард түмэн юм гэдгийг тив, дэлхий харлаа.

Гэвч жинхэнэ аюул ард өнгөрөөгүй, урд тосож байна. “Хятадууд вирусийн тархалтыг хяналтдаа авч чадлаа”, “Эмчилгээний үр дүн сайн байна” гэх мэт баярт мэдээллүүдийг дураараа хангүг эмээгийн дуулиан бут ниргэн хүн төрөлхтнийг дахин шоконд оруулав. Анагаах ухааны хөгжил дэвшлээрээ дэлхийд дээгүүр ордог Өмнөд Солонгосчууд коронагийн хоёр дахь огцом тархалтын өмнө барьц алдан тэвдэж байхтай зэрэгцэн Монголд Цагаан сар болж байна. Энэ л бидний хувьд урьдчилан таамаглахын аргагүй хамгийн том аюул юм.

Сая урд хөршийн эсрэг авсан шиг хариу арга хэмжээ авах цаг хугацаа үгүй, Сар шинээр эх орондоо ирэх гээд Солонгосоос аль эрт тийзээ захиалчихсан хүмүүсийг “боль, битгий” гэж хорих аргагүй тул нөхцөл байдал энэ удаа үнэхээр аюулын харанга дэлдээд эхэллээ. Тиймээс энэ Цагаан сараар хол ойр явж, хотол олноо эрсдэлд оруулахгүй, айл хунараар хэсэж, ахан дүүсээ аюулд өртүүлэхгүй байх нь юу юунаас илүү чухал байна. Халдвар манайд дэгдлээ гэхэд наад зах нь Хятадууд шиг 14 хоногийн дотор бүхэл бүтэн эмнэлэг барих, эм бүтээж үйлдвэрлэх, эмчлэх боломж хомс тул илрээгүй байгаа дээр нь л урьдчилан сэргийлэх учиртай.

Хятадууд: Яагаад бидэнд сануулсангүй вэ, яагаад бидний албадаад болтугай маск зүүлгээгүй вэ, яагаад бидний төлөө юу ч хийхгүй байгаан, яагаад нууж дарагдуулж байгаан, та нар бидний удирдагч байх эрхгүй гэж байхад
Монголд: Өдөр бүр ЭМЯ мсж бичиж, хэвлэл мэдээлэл хийж сэрэмжлүүлж сануулж байна. Телевизүүд байнга хэрхэн хамгаалахыг зарлаж байна. Улсын тэргүүнүүд бүгд сэрэмжлүүлж уриалга гаргаж байна, бүхэл бүтэн улсын баяр зогсоож хорио тогтоолоо. Хот хоорондын зам хаасан. Маск зүүгээгүй хүмүүст сайн дурыхан сануулж байна. Шүлс цэрээ хаясаныг торгон байж болиулж байхад МОНГОЛ ХҮН ТА энэ бүх зүйл таны болон таны хайртай хүмүүсийн амийг хамгаалах цаашлаад улс орноо хамгаалахын төлөө гэдгийг мэдэж хайнга битгий хандаарай. Энэ энгийн нэг өвчин биш харин үхэл учраас хар сүүдэр өнгөртөл дуулгавартай байхыг хүсэж байна. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө.

Сургууль, цэцэрлэгүүдийг амрааж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохгүй байх, хотоос орж, гарах товчоодыг хааж, баярын өдрүүдээр нийтийн тээврийн үйлчилгээг хэсэгчлэн зогсоох, бэл чадлынхаа хэрээр үзлэг оношилгоо, ариутгал халдваргүйтгэл хийх, эргүүл гаргах зэргээр Засгийн газар, нийслэлээс шаардлагатай гэсэн янз бүрийн арга хэмжээг авч байна. Харин иргэдээсээ бол “Битгий гадуур яваарай, гэртээ шинэлээрэй, цахимаар золгоорой” хэмээн гуйх, аргадахыг хослуулан уриалж, бас сэрэмжлүүлж байна. Тиймээс одоо иргэд биднээс бүх зүйл шалтгаална. Эцэст нь монгол хүний саруул ухаанд найдах л үлдлээ. Энэ удаад дээд тэнгэрээс заяат байх, эсэх нь огт хамаагүй.

Бид хамтдаа байхдаа хүчтэй
Бүгдээрээ хамтдаа Монголоо улс, үр садаа хамгаалья

 

Холбоотой мэдээ