Н.Алтанхуяг “халаасны” намтай болов

2020-02-23 160

Улсын дээд шүүх өчигдөр 36 дах улс төрийн намыг бүртгэжээ. Тодруулбал, иргэн Э.Бямбацэрэн нарын иргэд Ардчилал шинэчлэлийн нам байгуулах хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байсныг хүлээн авч, ийнхүү 36 дахь улс төрийн намаа бүртгэсэн нь энэ аж. Э.Бямбацэрэнгийн хувьд АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг, Ардчилсан намын батлахтай нэгэн. Нэг хэсэг АН-ын шинэчлэл, АН-ын дарга асан З.Энхболдтой “тэмцэлдэж” явсан, намаа шинэчилнэ хэмээж явсан түүнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай тун ойрын хүн гэгддэг.  Тиймээс улс төрийн хүрээнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг “халаасны” намтай боллоо хэмээн ярих болжээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд ч 2015 онд “Бүтээн байгуулалтын нам” байгуулахаар яваа гэсэн яриа гарч байсан удаатай. Гэвч түүнийг байгуулна гэх яриа нь зөвхөн хардлага төдий байсаар тэрбээр 2018 оны арваннэгдүгээр сарын 19-ны өдөр “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулснаа албан ёсоор зарлаж байсан. Тэрбээр “Энэ бол төрийн бус байгууллага. Би үүнийг урьдчилан байгуулчихаад өнөөдөр ярьж байгаа юм биш. Би санаачлан байгуулж байгаагаа албан ёсоор зарлаж байгаа нь энэ.   Би АН-ын гишүүн хэвээрээ. Гэхдээ намдаа сэтгэл дундуур байгаа. Нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн гарц шийдлийг олоход АН оройлон дуугарч байх ёстой. Өнөөдөр энэ үүргээ биелүүлж чадахгүй байна” гэж ярьж байсан удаатай. АН-даа сэтгэл хангалуун бус байгаа түүний үйлдлийг намын хэсэг залуус нь дэмждэг байсан бөгөөд түүний нэг нь Э.Бямбацэрэн юм.

Холбоотой мэдээ