Бүх нийтээрээ Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Б.Хурц, Ж.Батзандан нарын “ЭСРЭГ ТЭМЦЬЕ” гэсэн уриа гарав уу!

2020-02-20 265
2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Монголын Залуучуудын холбооноос дахин сонгож болохгүй улстөрчдийн нэрийг ХАР ЖАГСААЛТАД оруулж байсан. 2020 онд тэр акцаа ахиад өрнүүлээсэй… Тэгвэл хамгийн түрүүн Ж.Батзандан гишүүний нэрийг оруулах хэрэгтэй. Яг үнэндээ ард түмэн түүний худлаа үгнээс залхаж байна… Сүүлдээ “зэс нь цухуйж эхлэв”

Тэр бол ард түмний эрх ашиг зөрчигдсөн, хурц асуудлуудыг “өмчилж” түүгээрээ улстөр хийж, тодорч сурсан “зальтай” нөхөр. Гэвч шийдсэн зүйл тун ховор. Саяхан хүртэл тэтгэврийн зээлгүй иргэдэд тус бүрд нь гурван сая төгрөг олгох хууль санаачилна, талбай дээл өдөр бүр жагсана, өлсгөлөн зарлана гэсэн. Таг…

Хөөрхий ахмадууд худлаа үгэнд нь итгэж, төрийн ордноо гороолоод л өнгөрсөн. Түүнд ер нь чадах зүйл алга. “Бардам ам, шалдан гуя” гэгч л боллоо…

Ц.Элбэгдорж шиг муу хүн байхгүй, тэр л өнөөгийн ядуу зүдүү амьдралыг бий болгочихсон. Шударга бус бүхнийг эхлүүлсэн гэж байнга ярьдаг. Тэр өөрөө Ц.Элбэгдоржоосоо ч долоон дор нэгэн аж. Ж.Батзанданг гудамжинд поошиг нүдээд явж байхад Ц.Элбэгдорж аль хэзээний улстөрд орчихсон, Ерөнхий сайдын сэнтийд суучихсан байсан. Сүүлд нь Ерөнхийлөгч болчихсон Дэлхийн удирдагч нарыг Эх орондоо цуглуулж чадсан юм. Гэтэл Ж.Батзандан түүнийг муулахаас өөр юу хийв. Ядаж нэг хуулийн төсөл санаачилсан уу… Үзье. Хаана байна...

С.Баяр шиг муу хүн байхгүй л гээд бас л хашгирсан. Тэгтэл С.Баяр шиг зүйлийг тэр хийв үү…? Улстөр гэж юу ч мэдэхгүй төрийн ордонд “төөрөөд” явж байхад нь С.Баяр монголчуудыг тэжээж, улсын төсвийг бүрдүүлж байгаа Оюутолгой төслийг зориглон хөдөлгөж, гацаанаас гаргаж, Атарын гуравдугаар аяныг өрнүүлж, газар тариалангийн салбарыг сэргээсэн юм… Ж.Батзандан муулахаас өөр юу хийв.

Ч.Сайханбилэгийг бас л муулж, үзэн ядуулах аргыг хэрэглэж байна. Гэтэл Ч.Сайханбилэг түүний хэзээ ч хүрж чадахгүй төрийн өндөр суудалд хүрч, Оросын мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийг эх орондоо үлдээж чадлаа. Ерөнхий сайдын хувьд хэзээ нэгэн цагт зөвөөр үнэлэгдэх шийдвэрийг тэр гаргаж чадсан. Харин Ж.Батзандан юу хийв… Зүгээр л харлуулж, муулж байна. Тохироо нь бүрдвэл ах дүүгээ, эсвэл найз нөхөдөө “Эрдэнэт” үйлдвэр лүү шахаж, боломж олдвол шахаа хийчих боломжийг л хайж байгаа байх…

Б.Хурцыг ч үзэн ядсан хэвээрээ байна… Харин Б.Хурц түүний хажууд улсын нүд чих болсон чухал байгууллагыг удирдаж, олон жил болсон С.Зориг агсны хэргийг буруутай этгээдүүдийг олж, хуулийн хариуцлага хүлээлгүүлсэн. Гэтэл Ж.Батзандан шүүхээр гэм буруутай нь тогтоогдчихоод байгаа ялтнуудыг суллуулахаар зүтгэж буй “урвагч” нөхөр. Түүнд үнэндээ С.Зориг агсны хэргийн үнэн мөнийг шийдье. Ил болгоё гэсэн зорилго байхгүй. Харин энэ хэргээр улстөр хийж, өөрийнхөө нэр хүндийг өсгөх л зорилготой байж болох юм.

М.Энхболд шиг муу хүн байхгүй гэж “хэрээ шиг гуагласаар” байж, улмаар талбайд жагсаж тэмцсээр байгаад түүнийг огцруулсан. Ж.Батзандангийн дэргэд М.Энхболд харин ч тохитой, чадвартай улстөрч гэдгээ харуулж, хуулийн дагуу огцорсон. Ж.Батзандан харин хууль зөрчиж, удаа дараа мэдэгдэл хийж, улсын нууц задруулсан. Үүнийгээ өөрөө ч ярьсан.

Могойн эрээн гаднаа хүний эрээн дотроо гэж ардын үг буй… Тэгвэл Ж.Батзандан гишүүний цоохор төрх улам бүр тодорч байна. Хууль, шүүхийн байгууллагынхныг дуудаж уулзахдаа мэндийн зөрүүгүй загнаж, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг яллахыг шаарддаг. Харин өөрийнхөө булхайг нууж чаддаггүй. Барин тавин худлаа ярьдаг. Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Улааныг харж урваж, шарыг харж шарвадаг “увайгүй” улстөрч.

Наанаа шударга ёс ярьж, сайхан ирээдүйн тухай хоолоо шахаж чарладаг атлаа цаанаа эх орныхоо газар нутгаас харийнханд зарах тухай нуугдаж ярьдаг “шоучин”. Улстөрд ороод найман жил болох гэж байна. Энэ хугацаанд яг ямар зүйл бүтээсэн нь сонин. Ядаж бие даасан ганц хууль санаачилсан уу…. Тэр бол хийж бүтээсэн, улс удирдсан хүмүүст дургүй, тэднийг харлуулахын төлөө тэмцдэг, ард иргэдийн эмзэг сэдвийг өөрийн пи-ар болгон ашигладаг, ПАРАЗИТ, Популист УЛСТӨРЧ.

Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэдийн амьдралд нэмэр болохоор нэг ч зүйл хийгээгүй худалч гишүүн. Ийм хүнийг дахин сонгох хэрэггүй. Хар жагсаалтад оруулж, доромжилж, муулдаг улстөрчдийнх нь өмнө сөхрүүлж суулгаад УУЧЛАЛТ гуйлгуулах хэрэгтэй. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Ерөнхий сайд, М.Энхболдыг УИХ-ын дарга байхад, Б.Хурцыг Тагнуулын дарга байхад Ж.Батзандан хэн ч биш гэдгийг санах хэрэгтэй.

Тэр бол дураараа аашлах, попрох эрх олгосон намынхаа эсрэг ажиллаж, бодлого сөрдөг улстөрч. Хүмүүсийг шударга зүйлд уриалж, үймээн эхлүүлчихээд өөрөө ард нь цэвэрхэн хоцорч, би буруугүй ээ гээд бусдыг золиослох бодлоготой, хорчин нөхөр…Тиймээс ядаж Ж.Батзанданг 2020 оны сонгуульд сонгохоо больё.

Эх сурвалж: Улстөрч.мн

Холбоотой мэдээ