ОЮУТНУУД: ЦАХИМ ХИЧЭЭЛ ХАНГАЛТГҮЙ БАЙНА, ОРОН НУТАГТ БАЙГАА ОЮУТНУУДЫГ БОДОЛЦОЖ ҮЗЭЛГҮЙ ШИЙДВЭР ГАРГАСАНД БИД НАР ХОХИРЧ БАЙНА

2020-02-20 164

Коронавирусын эрсдэлээс сэргийлж, их, дээд сургуулийг түр хугацаагаар хаасан.  Ингэснээр оюутнууд цахимаар хичээлээ үзэх болсон юм. Гэтэл зарим сургуулийн цахим хичээл үр өгөөж муутай, шаардлага хангахгүй байгаа талаар оюутнууд гомдоллож байна. Тиймээс төлбөрөө буцааж авна гэж байр сууриа илэрхийллээ.

ШУТИС-ийн оюутан  Б.Намуун:  Би гуравдугаар курсын оюутан.  Хичээлээ “оюутны веб”-ээрээ    үзэж байгаа.  Багш нарын оруулж байгаа хичээлүүд нь өгөөж муутай, ихэнх нь интернетээс хайгаад олчихоор материалууд. Яаж ирцээ бүртгүүлэх, даалгавруудыг хэзээ хураалгах, мэдэхгүй байгаа зүйлээ  ямар  байдлаар багшаасаа асууж болох гээд бидэнд мэдээлэл хомс. Бүх зүйл нь тодорхойгүй байна.  Мөн орон нутгийн оюутнууд хичээлээ таслахгүй үзэх боломжгүй. Дээрээс нь өөрсдөө ажил хийж төлбөрөө төлдөг оюутнууд ч бий. Бидэнд хохиролтой байна.

МУБИС-ийн оюутан Г.Энхмаа:  Би төгсөх курсын оюутан. Өмнөговь аймгийн Даланзадгад сумынх. Хотод  “оюутны өргөө-II” байранд амьдардаг. Хөл  хорио тогтоосон  энэ үед сумаасаа цахимаар хичээлээ үзэх боломжгүй  л байна.   Утсаараа   интернет орох гэхээр  интернет удаан учраас уншаад л таардаг.  Орон нутагт байгаа оюутнуудыг  бодолцож үзэлгүй шийдвэр гаргасанд  бид нар хохирч байна.  Хичээлээ үзэж чадалгүй хичээлдээ орвол  орон нутагт байсан оюутнууд яаж  хичээлээ нөхөж авах вэ?  Тийм  боломжийг бидэнд олгох  хэрэгтэй гэж үзэж байна.

МУИС-ийн оюутан Л.Нямдорж: Би 2-р курсийн оюутан. Ахынхаа ажилд туслаад дугуй засварын газарт ажилдаг. Би өөрөө ажиллаад сургалтын төлбөрөө төлдөг. Хөл хорио тогтоосонтой холбогдуулаад хичээл  цахимаар орох болсон нь  бидэн шиг   байнга интернэт ашигладаггүй хүүхдүүдэд  их хэцүү байна. Би одоогоор дөнгөж л хоёр хичээлээ л үзэж амжсан. Над шиг “Nokia”  барьдаг  хүнд   ямар ч тохиолдлоор, хүссэн үедээ хичээлээ үзээд байх боломжгүй. Хичээл хэвийн үргэлжлээд эхлэхээр   яаж нөхөж авахаа мэдэхгүй  л байна.

МУБИС-ийн зайн сургалтын албаны дарга, дэд профессор Л.Мөнхтуяа:  ТАНХИМД ЗААДАГ ХИЧЭЭЛЭЭ Л ЦАХИМААР ЗААЖ БАЙГАА

Бид оюутнуудад цахим хичээлийг хүртээмжтэй байлгах үүднээс нийгмийн сүлжээ, веб сайт, цахим шуудан болон гар утасны мессеж зэргийг ашиглан олон сувгаар мэдээлэл авах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна

МУБИС -иас цахим сургалтын үйл ажиллагааг уян хатан байдлаар зохицуулсан. Жишээ нь, суралцагчдад тухайн хичээлүүдийг системд нээлттэй байлгах, тэд боломжтой үедээ судлах нөхцөлийг хангахаас гадна, цахим хичээлээ судлах боломжгүй, дутуу судалсан оюутнууд нөхөж судлах долоо хоногийг гаргаж ажиллахаар болсон. Оюутнуудын хүсэлтэд тулгуурлан бид сургалтаа сайжруулахад бэлэн байна” гэсэн юм.

Мөн төрийн өмчийн зарим их сургуулийн удирдлагуудаас тодруулахад “Бид сургалтаа боломжит хэлбэрээр явуулж байгаа. Оюутан гомдол гаргаснаар төлбөрийг нь буцаан олгох боломжгүй” гэсэн юм.

                                                                                       Сурвалжилсан: Б.Дашдолжин

Холбоотой мэдээ