хоёр хүний ялзарсан цогцос траншейнаас олджээ

2020-02-19 168

нэ сарын 16-нд БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Баяжих” цогцолборын урд байрлах траншейны нүхнээс оршин суудаг тодорхой хаяг бүхий 38 настай Э, 43 настай Д нарын цогцос биеийн хэсгүүд нь ялзарч муудсан, түүнчлэн түлэгдсэн байж болзошгүй байдалтай олджээ.

Хэргийг тодруулбал, тухайн өдрийн оройн 20:30 минутын үед “траншейнд хүн нас барсан байна” хэмээх иргэний дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн жижүүрийн нэгдүгээр хэлтсийн бүрэлдэхүүн очиж үзлэг шалгалтыг хийжээ. Үзлэгээр 43 настай Д нь тус дүүргийн наймдугаар хорооны орон сууц, харин иргэн Э нь БГД-ийн 22 дугаар хорооны орон сууцанд тус тус оршин суудаг нь тодорхой болсон байна.

НАС БАРСАН ХОХИРОГЧИД ТРАНШЕЙНД АМИА АЛДААД ОЛОН ХОНОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Шалгалтын явцад биеийн зарим хэсгүүд нь ялзарч муудсан, халуун усанд түлэгдэж нас барсан болзошгүй байдалтай байсныг цагдаагийн байгууллагынхан мэдэгдсэн. Үүнээс харахад нас барсан хохирогчид тус траншейнд амиа алдаад олон хоносон байж болзошгүй. Одоогоор нас барагсдын үхлийн шалтгаан болон, нас бараад хэр удсан болохыг илрүүлэх ажил хяналт шалгалтын явцдаа явж байна.

ТРАНШЕЙНД ОРОГНОГСОДЫН ЦӨӨНГҮЙ ХЭСГИЙГ ДУНДАЖ АМЬДРАЛТАЙ, АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ХҮМҮҮС ЭЗЭЛДЭГ

Иймэрхүү дуудлага мэдээллийн ихэнхийг гэр оронгүй гэх тодотголтой архидан согтуурсан бүлэг хүмүүс траншейны нүхэнд орогнох явцдаа бэртэх, цаашлаад амь насаа алдсан тохиолдлууд эзэлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд оршин суух хаягтай, амьдралын боломж бололцоо дундаж хүмүүсийн хувьд ч иймэрхүү хэргүүд мэр сэр тохиолдоод байгааг албаны хүмүүс хэлсэн юм.

ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ ХАРИЛЦАА ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ БУУРУУЛНА

Тэдгээр хүмүүс архидан согтуурах үедээ олон хоногоор гэрээсээ дайжиж, ингэхдээ жижиг дэн буудлаар хоноглоод, халаасаа тэмтрээд ирэх үед траншейны нүхийг сонгодог байна. Ингэж олон хоногоор гэрээсээ явсаар, хохирогчдын гэр бүлийнхэн нь ч тэднийг тоохоо болих, ирэхгүй олон хоносон ч, араас нь нэхэн хөөцөлдөхөө больж эхэлдэг. Үүнийг цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлагаас эрхгүй харж болно. Осол гэмтлийн анхны гэрчээр, тухайн хохирогчтой ямар нэгэн холбоо хамааралгүй тухайн орчмын иргэн тааралдсан байх нь элбэг байна. Иймд цагдаагийн байгууллагын ажилтнууд гэр бүлийн гишүүн бүрээ хаана, хэнтэй уулзаж байгаа болон хэзээ ирэх хугацааг нь тодорхой мэддэг байхыг сануулж байна. Ингэснээр хайртай хүмүүсээ энэ мэт золгүй тохиолдлоор алдахаас сэргийлж чадна.

Эцэст нь иргэн, айл өрх бүр гэр бүлийн эрүүл харилцааг эрхэмлэж чадсанаар санаатай болон санаандгүй байдлаар үйлдэгдсэн олон хэргүүд гарахгүй болов уу. Сэтгэлийн хэт хөөрөл, уур омгоор бүхнийг шийдэх нэг л хором та биднийг амьдын эсвэл үхлийн дараах тамд аваачиж болно.

Холбоотой мэдээ