ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ 4106 ӨМҮ УЛСЫН ДУГААРТАЙ АВТОМАШИНААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ

2020-02-19 169

Энэ сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын нэр дээр бүртгэлтэй 4106 ӨМҮ улсын дугаартай автомашинаар алт олборлож байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Хууль бусаар алт олборлож байсан гэх хэрэг одоогоор Дорноговь аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээж шалгагдаж байгаа юм байна. Тухайн машинаар Дорноговь аймгийн Мандах суманд алт ухаж, хууль бусаар олборлолт хийж байгаад баригдсан асуудлыг ихээхэн нууж байгаа. Алт олборлож байгаад баригдсан хүн нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгчийн албан тушаал хашдаг В. Энхсолонго гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Албан ажлын хэрэгцээнд унаж ашиглах ёстой автомашиныг өөрийн хэрэгцээнд унаад зогсохгүй хууль бусаар алт олборлож яваад баригдсан энэ хэргийг шалгахгүй байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн билээ.

Бид мэдээллийн дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын сайт руу орж шалгахад, ИТХ-ын нэр дээрх автомашинаар алт олборлосон төлөөлөгч В.Энхсолонго одоо хүртэл ажлаа хийж байгаа юм байна.

“АЛБАНЫ ЗОРИУЛАЛТТАЙ МАШИНЫГ ХЭЛЭЭГҮЙ ХУЛГАЙГААР УНААД ЯВСАН БАЙСАН”

Энэ талаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын дарга Ц. Бат-Эрдэнээс тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ: Би ИТХ-ын даргын ажлыг аваад удаагүй байна. Надад ирсэн мэдээллээр В.Энхсолонго гэх төлөөлөгч манай байгууллагын нэр дээр байдаг автомашиныг хэлэлгүйгээр унаж яваад алт олборлосон асуудал гарсан нь үнэн. Энэ хэрэг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгагдаж байгаа. Дээрх машиныг 2018 оны тавдугаар сард хурлын нэр дээр авсан. Мөн 11 сард нь 5 сая 800 мянган төгрөгөөр засвар хийсэн байсан.

Өмнөх даргаасаа энэхүү машиныг албан ёсоор хүлээж аваагүй байхад ийм асуудал болсон. Одоо тэрхүү төлөөлөгч манай сумын МАН-ын дэд даргын албан тушаал хашиж байгаа. Тухайн машиныг төлөөлөгч В.Энхсолонго “Говийн ирээдүй” гэх нэртэй нутгийн төрийн өмчит үйлдвэрийн тооцоот газарт хэлэлгүйгээр унаж явсан байсан. Би энэ асуудлыг “Говийн ирээдүй”-н дарга н.Баярхүүгээс тодруулсан. “Засварт байгаа машиныг надад хэлээгүй унаад явсан байсан” гэсэн мэдээллийг надад өгсөн. Би өөр мэдээлэл аваагүй байна гэх тайлбарыг хэллээ.

Мөн хяналт, шалгалт хийж байгаа эсэх талаар нь Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатараас утсаар тодруулга авсан юм. Тэрээр, “Би энэ асуудлыг огт мэдэхгүй байна. Таниас л сонслоо. Та сумын төлөөлөгчийн газраас асуусан дээр байх” гэсэн хариултыг өглөө.

Харин Дорноговь аймагт албаны машинаар алт олборлож байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх хэргээр шалгагдаж байгаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч МАН-ын дэд дарга В.Энхсолонгоос өөрөөс тодруулсан ч тэрээр үгүйсгэсэн билээ. Мөн тэрээр цааш хэлэхдээ: “Сумын төвөөс түлш авах гэж байгаад асуудал гарсан. Алтан дээр нь очоогүй явж байсан” гэв.

Түүнээс та ямар асуудлаар Дорноговь аймагт шалгагдаж байгаа юм бэ? гэж асуухад хариулахгүйгээр утсаа тасалсан юм.

Эх сурвалж: ӨРӨГ.МН

Холбоотой мэдээ