Д.ХАЛИУН: Г.ЗАГДАА НАМАЙГ ЯГ ОДОО “МИНИЙ БУРУУ” ГЭЭД ЛАЙВ ХИЙ ГЭЖ ХЭЛСЭН. ҮГҮЙ ГЭЖ ХЭЛСНИЙ ТӨЛӨӨ НАМАЙГ ЗОДСОН

2020-02-19 842

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарын Д.Халиун гэх охинтой зүй бус харьцаж буй бичлэг сошиал орчинд түгж, олон нийтийн бухимдал, хардлагыг төрүүлсэн. Д.Халиун нь охиныхоо хамтаар “Зөв амьдрах ухаан” ТББ-д өмнө нь амьдарч байсан бөгөөд аргагүйн эрхэнд охиноо тус газарт үлдээж хэсэг хугацаанд явсан байдаг.

Харин одоо төрсөн охиноо авахыг хүссэн ч Г.Загдаа, Г.Амарсайхан нар өгөхгүй гэж байгаа юм. Одоогоор энэ асуудлыг шийдэхээр холбогдох албаны хүмүүс хамтран ажиллаж буй бөгөөд бид өөрийн охиноо Г.Загдаагийн тэргүүлдэг “Зөв амьдрах ухаан” ТББ-иас авах гэж хөөцөлдөж буй Д.Халиун, мөн БЗД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрхийн улсын байцаагч Д.Бурмаа нартай уулзаж, нөхцөл байдлын талаар тодруулсан юм.

Бид эхлээд Д.Халиунтай ажил дээр нь  очиж уулзлаа.

-БИ ЗУГТААГҮЙ. НАМАЙГ ХӨӨСӨН-

-Сайн байна уу. Өөрийгөө товч танилцуулаач. “Зөв амьдрах ухаан” ТББ-д анх яагаад очихоор болсон бэ?

-Сайн байна уу. Намайг Дэлгэрмагнайгийн Халиун гэдэг. Би 22 настай. Асрамжийн газарт өссөн. 2017 оны арванхоёрдугаар сарын 29-нд охиноо төрүүлсний дараа амьдрах газаргүй байсан учраас таньдаг эгчийнхээ зөвлөсний дагуу “Зөв амьдрах ухаан” ТББ-т очсон юм.

-Анх тэнд очиход нөхцөл байдал ямар байсан бэ.  Хэдэн хүн амьдардаг байв?

-Анх очиход зургаа, долоо орчим гэр байсан. 30 орчим хүн байсан байх. Өдөр бүр онцын хийх зүйлгүй өнгөрдөг байсан. Хашаа хороогоо цэвэрлэх, Загдаа ахын машин тэргийг угаах гээд л.

-ЗАГДАА АХ, АМАРАА ЭГЧ ХОЁР ТЭНДХИЙН ХҮМҮҮСИЙГ ШУУД ЗОДДОГ-

-Сая хэлсэн шалтгааныхаа улмаас л та уг газрыг орхиж явсан юм уу?

Ер нь тэр газарт өдөр бүр л зодоон, хүчирхийлэл болдог байсан гэж ойлгож болно. Загдаа ах, Амараа эгч хоёр уурлахаараа тэнд байгаа хүмүүсийг шууд л зодчихдог байсан. Амараа эгч  эмэгтэйчүүдийг үсдэж зодож байхыг нь ч харсан. Мөн тэндхийн хүмүүсийг үргэлж хэл амаар доромжилж, харааж зүхдэг байсан. Тийм газар хэн байхыг хүсэх юм бэ. Тэгээд л зугтсан.

-Хүүхдээ аваад зугтах боломж байсан уу?

Огт байгаагүй. Хүүхдээ авч гарч салхилуулах, тоглуулах ямар ч боломжгүй. Хашаанаас огт гаргадаггүй байсан. Хүүхдээ аваад жаахан л холдоход хойноос ирээд бариад авдаг байсан.

-Яг хэзээ зугтсан юм бэ. Зугтсанаасаа хойш хэдий хугацаанд хүүхдээ авахаар очсон юм?

-2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд явсан. Тэгээд өнгөрсөн нэгдүгээр сард очсон юм.

-Зугтах боломж яаж олдсон юм бэ?

-Яг үнэндээ бол би зугтаагүй. Намайг хөөсөн юм. Ер нь бол тэнд байгаа хүмүүсээ байнга хөөж, дарамталдаг. Тэгээд ч би дотроо намайг хөөгөөсэй гэж бодож байсан.

-ОЛОН ХҮНИЙГ ХҮҮХДЭЭР НЬ БАРЬЦААЛЖ, ДАРАМТАЛЖ АМЬДАРДАГ-

-Тэндээс гараад хаана очсон бэ. Хоёр сарын хугацаанд юу хийж амьдарч байв?

-Найзынхаа гэрт амьдарч байгаа караокед ажилд орсон юм.

-Г.Загдаа, Г.Амарсайхан гэх хоёр хүн нэг ярилцлагадаа “Тэр хүн хүүхэдтэйгээ уулзах гэж ирж дээ гэж бодтол шууд л бичлэг хийгээд эхэлсэн” гэсэн байсан. Өөрөө бичлэг хийсэн юмуу. Хийсэн бол яагаад хийсэн бэ?

Ерөөсөө бичлэг хийгээгүй. Зүгээр л утсанд зурвас ирэнгүүт л “Дуу хураагаад байна” гэж хэлээд булаагаад авчихсан. Тэгээд бичлэг дээрээс үзсэн байх. Маш муухайгаар доромжилж, намайг нэг гэрт оруулаад тэнд хоёр цаг гаднаас түгжсэн. Харин тэр лайвыг үзсэн хүмүүс цагдаа нарт дуудлага өгсөн юм билээ. Гадаа зөндөө цагдаа нар ирсэн байсан ч Загдаа ах ойртуулаагүй. Тэгээд үүрийн 05:00 цаг хүртэл цагдаа нар байж байгаад явсан. Тэгээд маргааш өдрийн 14:00 цагийн үед хаалга онгойлгож өгсөн. Би дотроо яаж явах вэ гэж их бодсон. Ингээд орой болох үед хашаа даваад зугтчихсан юм.

“НАСААР ЧИНЬ ЧАМАЙГ ЭНД  БАЙЛГАНА. ЦАГДАА, ШҮҮХ ЧИНЬ НАМАЙГ БАРАХГҮЙ ГЭЖ СҮРДҮҮЛСЭН. МӨН ЯГ ОДОО “МИНИЙ БУРУУ” ГЭЭД ЛАЙВ ХИЙ ГЭЖ ХЭЛСЭН. ҮГҮЙ ГЭЖ ХЭЛСНИЙ ТӨЛӨӨ НАМАЙГ ЗОДСОН.

-Өнгөрсөн хугацаанд танд гар хүрч байсан удаа бий юу?

-Амараа эгч гар хүрдэг байсан. Ер нь тэнд байгаа хүмүүсийг их зоддог. Үсдэх, маажих мөн Дүгэрээ гээд ахын нүдийг хөхөртөл зодсон удаа бий.

-Тэдний зүгээс таныг хүүхдээ асарч хамгаалах чадваргүй гэж үзээд байгаа. Мөн нэг удаа хүүхэддээ гар хүрч хөлийг нь хугалсан гэж хэлсэн. Энэ талаар тайлбар өгвөл?

и хүүхдээ тэжээх чадвартай. Ажил хийж байгаа. Мөн миний өссөн асрамжийн газар болох Монголын хүүхдийн сангаас надтай холбогдож амьдрах орон байр, хүүхдэд маань явах цэцэрлэг зэргийг шийдэж өгнө гэсэн. Гэрээ хийсэн байгаа. Хүүхдээ авах шийдвэр ч гарчихсан. Гэтэл надад хүүхдийг минь өгөхгүй байна.

Би хүүхэддээ огт гар хүрч үзээгүй. Тэндхийн нэг хүүхэд орноос татаад унагаачихсан юм. Тэгээд би тархи нь хөдөлчихлөө гээд зөөлөн сэгсэрч байтал Оюунаа эгч тэгж сэгсэрдэггүй юм гээд хэд, хэдэн удаа хүчтэй сэгсэрчихсэн. Тэгээд хөл нь хугарчихсан. Мэдээд шууд л гэмтэл явсан. Ганцхан тэр зүйлийг миний эсрэг ашиглаж, намайг цагдаад хүртэл өгсөн.

-Одоогоор хаана амьдарч байна. Бичиг баримт, өөрийн гэсэн зүйлсээ тэндээс авж чадсан уу?

-Найзтайгаа байр түрээслэн амьдарч байна. Эд зүйлсээ ч авч чадаагүй. Хураалгасан утас, хувцас гээд бүх зүйл маань тэнд бий. Бүх шийдвэр миний талд гарсан учраас би хүүхдээ аваад, хэнээс ч хамааралгүй, айдас дарамтгүй амьдармаар байна.

Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч Д.Бурмаа

Д.Халиун нь БЗД-т харьяалагдаж байна. Ингээд бид тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрхийн улсын байцаагч Д.Бурмаатай очиж уулзан, хэргийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй ажил үүргийнх нь талаар тодруулсан юм.

-Д.Халиун хэзээ та бүхэнд хандсан бэ. Энэ талаар мэдээд ямар арга хэмжээ авч ажиллав?

Д.Халиуны хувьд 2020 оны хоёрдугаар сарын 5-нд албан ёсоор өргөдөл, хүсэлтээ манай хэлтэст гаргасан. Үүний дагуу судалж үзэхэд Д.Халиун тус газарт амьдарч байсан нь үнэн, мөн хүүхэд өөрийнх нь хүүхэд мөн болох нь УБЕГ-ийн лавлагаагаар нотлогдсон. Манай байгууллагын хувьд дунд шатны гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хамтарсан багуудыг чиглүүлэх зэрэг арга хэмжээ авч ажилласан.

-Холбогдох байгууллагууд хамтран хүүхдийг нь авахаар очсон ч чадаагүй гэсэн. Ямар шалтгааны улмаас охиныг авч чадахгүй байа вэ?  

-Д.Халиуны өөрийнх нь үндсэн харьяалал БЗД-ийн 24-р хороо. Харин асуудал үүсээд буй “Зөв амьдрах ухаан” ТББ нь БЗД-ийн 5-р хороонд харьяалагддаг. Уг хороодын хамтарсан хурал хоёрдугаар сарын 6-нд болж өнгөрсөн. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэд, хэдэн зүйл заалтыг үндэслэн хурлын шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт, тус хүүхэд нь хууль ёсныхоо асран хамгаалагчтайгаа хамт амьдраагүй, өөр этгээдийн асрамжинд байгаа нь хүүхдэд эрсдэлт нөхцөлийг үүсгэж байна.Тиймээс  хүүхдийг түр хамгаалалтанд нэн яаралтай авах, мөн төрсөн эхэд нь хүүхдийг шилжүүлэх шийдвэрийг гаргасан.

-ХОРООДЫН ХАМТАРСАН ХУРЛЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХААР Г.ЗАГДАА ГЭХ ИРГЭНИЙД ГУРВАН УДАА ОЧСОН-

Ингээд шийдвэр гарсаны маргааш буюу хоёрдугаар сарын 7-нд холбогдох байгууллагын гишүүд баг болж хамтран өглөөний 09:00 цагийн үед очсон. Эхний хоёр удаагийн очилт буюу хоёрдугаар сарын 7-н, 10-нд очиход байхгүй байна, өмгөөлөгчөө ирэхээр уулзана гэх мэтээр асуудлыг хойшлуулсаар байсан. Харин гурав дахь удаагийн очилт буюу хоёрдугаар сарын 11-нд очиход урдаас дайрч доромжлох, лайв хийх гэх мэтээр асуудал үүсгэсээр хүүхдийг өгөөгүй.

-Г.Загдаа ямар шалтгаанаар хүүхдийг өгөхгүй гээд байгаа юм бэ?

-Шалтгаанаа ердөө хэлдэггүй. “Би энэ хүүхдийг анхнаас нь өсгөчихсөн, би ийм эрхтэй” гэсэн утгатай зүйл л ярьдаг. Хурлын шийдвэрийг уншиж танилцуулах, санал зөвлөмж хэлэх нэг ч боломжийг бидэнд олгоогүй. Үг хэлэх гэхээр л дайрч, давшилж, хэл амаар доромжлох асуудал үүсгэдэг. Тэгээд бид гарахдаа учир шалтгаанаа тайлбарлаж, ийм учраас, ийм зүйл заалтын дагуу хүүхдийг өгөхгүй гэсэн  шаардлагыг бидэнд хүргүүлээч ээ гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу маргааш нь албан бичиг явуулна гэсэн ч одоог хүртэл ирээгүй байна.

-“ЗӨВ АМЬДРАХ УХААН” ТББ НЬ ХҮҮХДИЙГ АСРАМЖЛАХ, БАЙРШУУЛАХ ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД БИШ-

Дээрх байгууллагын архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх, дэмжих тал дээр бид юм яриагүй. Харин хүүхэдтэй холбоотой магадлан итгэмжлэгдсэн буюу эрх авсан зүйл нь хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх бүрэн эрхтэй гэсэн үг. Энэ бол нэг талаараа хүүхдийг хууль бусаар байлгаж байна гэсэн үг.

-Одоогоор Д.Халиунтай ямар чиглэлээр хамтарч ажиллаж байна?

Бидний зүгээс хүүхдийг аль болох гэр бүлийн орчинд өсгөх чиглэлийг баримтлан ажиллаж байна. Шүүхийн журмаар Халиуны эх байх эрхийг нь хасаагүй тохиолдолд тэр хүн хөдөлмөрийн чадамжгүй байна уу, өнчин байна уу хамаагүй эх байх эрх нь хэвээрээ байгаа гэж үзнэ. Бид эхний ээлжинд хүүхдийг түр хамгаалалтанд авна. Энэ хугацаандаа төлөвлөсөн зүйлс нэлээд байна. Жишээлбэл, тэдний амьдрах орчин, байр, хийх ажил зэрэг зүйлс дээр дэмжлэг үзүүлэн ажиллахаар төлөвлөж байна. Үүний дагуу хэд, хэдэн ажлын байрыг Д.Халиунд санал болгосон. Мөн нэгэн төрийн бус байгууллагатай хамтран амьдрах байрыг нь бэлдэн, засвар хийчихсэн байгаа. Мөн Г.Загдаа гэх иргэнийд Хүүхдийн эрхийн улсын байцаагч Д.Бурмаа миний зүгээс албан шаардлага хүргүүлсэн. Цаашид авах ёстой арга хэмжээг авч ажиллах болно.

ЭХ СУРВАЛЖ: ISEE.MN

  • Za turiin bguullaga bj arai iim archaagui bj bolohgui l bmaar. Buhel buten huniig gants heruulchees salgaad avch chadahgui. Erkhiig ni zurchuuleed bj bdag. Ichij uhmeer yum. Uulzaj chadaagui ch geh shig, tsagdaa ochson hernee yaaj ch chadahgui yavsan ch geh shig.

Холбоотой мэдээ