Аав нь 10 настай хүүхдээ “Гэрийн даалгавраа хийсэнгүй” гэсэн шалтгаанаар амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

2020-02-18 159

Сэтгэл сэрдхийлгэм хүчирхийллийн хэргүүд ар араасаа хөвөрч, болдог л юм шиг чихний хажуугаараа өнгөрөөх болсоор бид багагүй хугацааг өнгөрөөж байна. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 15-ны өдөр 09.46 цагт Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 10 настай Е-г аав нь “гэрийн даалгавраа хийсэнгүй” гэсэн шалтгаанаар амь насыг нь хохироосон хэрэг гарсан.

Хэрэг гарах үед талийгаачийн хоёр эгч, нэг дүү нь хамт байсан бөгөөд аав нь түргэн тусламж дуудсан боловч харамсалтай нь оройтсон байжээ.

Нийслэлийн түргэн тусламжийн эмч цагдаагийн байгууллагад хандсан байна. Улмаар талийгаачийн аав Б-г сэжигтнээр татаж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж. Б нь 45 настай бөгөөд нэгэн хувийн компанид борлуулалтын менежер хийдэг байсан гэх мэдээллийг эх сурвалж өгөв. Тэрбээр хэргийн талаар мэдүүлэхдээ “Хүүгийнхээ толгой руу нь нэг удаа л хүчтэй цохисон” гэжээ.

НАМ ТАЙВАН АЙЛ БАЙСАН

Сэжигтэн Б-ийн амьдардаг наймдугаар хороо нь цагдаагийн хэсэгтэйгээ хамт байрладаг аж. Эндэхийн ажилчдын хэлснээр “Б-ийнх дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл болон архидан согтуурч, зөрчил гаргалаа гэх ямар ч гомдол, мэдээлэл ирж байгаагүй. Нам тайван айл байсан. Ёстой гай нь л таарна гэдэг нь боллоо. Тэдний амьдардаг байр бусад байрыг бодвол сүүлд баригдсан шинэ байр болохоор гэмт хэргийн дуудлага мэдээлэл барагтаа ирдэггүй” гэлээ.  Одоогоор дээрх  хэргийг Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтэс үргэлжлүүлэн шалгаж буй юм.

ХҮҮХДЭДЭЭ ГАР ХҮРЭХ БУС ХАРИЛЦАН ЯРИЛЦАЖ ЧАДДАГ БАЙХ НЬ ХАМГИЙН ЗӨВ АРГА

Сэтгэл судлаач Д.Эрдэнэбаатар эцэг эхчүүд хүүхдэд гар хүрэх нь хүмүүжлийн буруу арга гэдгийг тодотгоод, “Энэ хүүхэд л буруу зүйл хийсэн учир би загнасан, үг авахгүй учраас би гар хүрсэн гэдэг тайлбар тавьж буруу хүмүүжлийн шалтгааныг хүүхэд рүүгээ чихдэг тохиолдол олон. Дээр нь хүүхдэдээ гар хүрчхээд “Би зодуулж л өссөн шүү дээ, зодуулж өсөөгүй хэн байгаа юм бэ” гэж өөрийгөө өмгөөлдөг.

Аав, ээжүүд хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд эзэмших ёстой гол чадвар бол хүүхдийнхээ үзэл бодлыг хүлээн авч, ойлгож, дэмжих юм. Өөрийнхөө үзэл бодлыг эргүүлээд хүүхдийнхээ үзэл бодолтой дүйцүүлж чаддаг байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ харилцан ярилцаж чаддаг байх нь хамгийн зөв арга”  хэмээн онцолсон юм.

Э.БУРАМ

Холбоотой мэдээ