Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар өөртөө мөнгөн урамшуулал төдийгүй, түлээ нүүрсний урамшуулал олгосон баримт дэлгэгдлээ

2020-02-18 328

Өөртөө цалин нэмж, урамшуулал олгодог дарга нарын мэдээлэл ар араасаа хөвөрч байна. Хэдхэн хоногийн өмнө Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Өсөхбаяр өөрийнхөө цалинг нэмэх тогтоолд өөрөө гарын үсэг зурсан гэх шүүмжлэлд өртсөн.

Тэгвэл энэ удаад Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар өөртөө мөнгөн урамшуулал төдийгүй, түлээ нүүрсний урамшуулал олгосон баримт дэлгэгдээд байна.

Тодруулбал, З.Балдандугар нь оны өмнөхөн 80 сая төгрөгийн урамшуулал авах ажилчдын нэрсэд өөрийгөө багтаажээ. Уг тушаалынхаа дагуу өөрийгөө сайн ажилласан хэмээн дүгнэж 500.000 /таван зуун мянган төгрөг/-өөр шагнасан байна.

Ингээд ч зогсохгүй түлээ нүүрсний хөнгөлөлт, тусламж авах эмч ажилчдын нэрсийн жагсаалтад ч өөрийнхөө нэрээ хавчуулж амжжээ. Тухайн албан бичигт, “Байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлэх гэж байгаа тул гэр хороололд амьдардаг эмч эмнэлгийн ажилчдын нэрсийг нэгдүгээр “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”, “Хамтын гэрээ”-нд заасны дагуу ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллаар шагнах эмч ажилчдын нэрсийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай” гэжээ.

Улмаар тус эмнэлгийн дарга З.Балдандугар тэргүүтэй удирдах албан тушаалтнуудын АРВАН хүн тус бүр 80 мянган төгрөгийн урамшуулал авчээ. Харин гэр хороололд амьдардаг гэх бусад эмч ажилчдадаа тус бүр 30 мянган төгрөгийн урамшуулал олгосон байна.

Өөртөө урамшуулал, түлээ нүүрсний хөнгөлөлт олгодог З.Балдандугар даргын тухай энд нэмж тодотгоход, тэрээр өнгөрөгч 2019 оны долдугаар сард Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Тус албан тушаалд томилогдсон даруйдаа багагүй хэл амны бай болж байв. Тодруулбал, тэрээр эмнэлгийн эмч, ажилчдыг “Харьяаллын бус хүн үзэж, тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх” шалтгаанаар хэд хэдэн ажилчдаа халсан байдаг. Эл албан тушаалд томилогдохоосоо өмнө “Ачтан” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирлаар ажиллаж байсан юм. 2016 онд Баянгол дүүргийн ИТХ-ын 6-р тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай цуг нэр дэвшсэн, түүний гарын хүн гэгдэх мэдээлэл ч цацагдаж байсан юм.

Холбоотой мэдээ