Намуудын хагарал, хүмүүсийн нэгдэл, нэгдлийн ялгарал

2019-07-08 231

УИХ-ын 2016, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дараа парламентад суудалтай намуудад хүндийн хүчний хуваарилалт “шинэчлэлт” ба “их цэвэрлэгээ” нэрийн дор өрнөсөн юм.

Засаглах хугацаандаа зад хуваагдсан Ардчилсан нам шинэчлэгдэхдээ С.Эрдэнийн гарт төвлөрч, фракцгүй нам болсноо зарласан хэдий ч есхөн хүнтэй Д.Эрдэнэбатын бүлгийг зөвлөл болгон тамирдуулсан нь зүүн, баруун жигүүрийн явуулга байлаа. Одоо сөрөг хүчнийг дотроос нь бужигнуулж, буталж буй нь Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Н.Алтанхуяг бөгөөд байсхийгээд түүний Алтангадаст харьяалагдаж байсан залуус АН-аас гарснаа үе үе зарлан хэвлэлийн бага хурал хийлгэх болсон билээ.

Монгол Ардын нам бол аль хэдийн голоороо цуу урагдсан. Тэд намаа хуваагаад зогсохгүй Монголын төр, Монголын парламент, хууль шүүхийг хүртэл хоёр хуваасан. Товчхондоо, Монголын улс төр дэх хагарал Монголын нийгмийн хамгийн том хорт хавдар болж байгааг анзаарч, энэ нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал болж буй тул зарим улстөрч үзэл баримтлал, үнэ цэнээрээ нэгдэн, нийлж эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногт  Э.Бат-Үүл, Б.Баабар, М.Энхсайхан, Да.Ганболд, Р.Амаржаргал нар нэгдэж, “Боловсрол төвтэй улс төр” клубыг байгуулснаа зарласан юм. Тус клубыг байгуулах болсон шалтгаан нь харанхуй популизмд автсан нийгмээ соён гэгээрүүлж, иргэдээ боловсруулж, эрх зүйт төрийг хамгаалах тухай.

Өөрөөр хэлбэл, төрийн аливаа хүчирхийлэл, хэлмэгдүүллээс хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, ард түмнийхээ нийтлэг ашиг сонирхолд үйлчилдэг, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд нь хуулийн хүрээнд ажилладаг үзэл санааг хамгаалахын тулд намаараа биш зарчмаараа тэд нэгджээ. Энэ нь тэдний улс төр дэх өөр бусад “нэгдэл”-ээс ялгарах имиж хийгээд үнэ цэнэ аж.

Хэвлэгдэнгүүтээ бэстселлер болсон С.Баяр “Жаран хоног, “жаран”-ы бутархай” номоороо улс төрд эргэн ирж байгаагаа зарлав бололтой. Монголын улс төрийн анхаарлыг татаж буй энэ хоёр зэрэгцсэн үйл явдал улс төрд намаараа гэхээс зарчим, үзэл баримтлалдаа үнэнч нэгдлүүд бий болж байгааг харуулав. Мэдээж, үйл явдлуудыг тойрсон магтаал шүүмжлэл,  сайн, муу яриа дагалдаж байна.

Нэг хэсэг нь, тэднийг тэтгэврийн хэмээн гоочилж, нөгөө хэсэг нь  популизмд хэт идэгдсэн нийгэмдээ лаа асаахыг тэднээс хүлээж, хүсч буй.

Үнэндээ өнөөдөр “өвгөд” гэж гоочлогдоод байгаа тэднээс өөрөөр  эрх зүйт төр болоод ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үнэт зүйл дээр нэгдэж, нийлж чадах залуус АН, МАН-д алга. Харин ч нэг хэсэг нь амиа бодож, нөгөө хэсэг нь ах нарынхаа “цагаан хоолой” болоод явж байна.

Монголын намуудад явагдаж буй хагарал задрал эргээд хүмүүсийг боловсрол мэдлэг, үнэ цэнэ, үзэл бодол үнэт зүйл, зарчмаар нь нэгтгэхэд хүргэжээ. Энэ бол улс төрийн намуудын хагарлаас харагдаж буй сайн тал нь. Муу нь, зарчмын тухай түй ч ойлголтгүй, үнэт зүйлгүй, зөвхөн өнгө мөнгө, эрх мэдэл дээр суурилсан нэгдэл ч мөн адил бий болж байгаа явдал. Үүний тодхон жишээ нь ордны тэмцэгч тав.

Ж.Бат-Зандан, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарын хувьд үнэт зүйл, үзэл бодлоос илүү хувийн жижиг эрх ашиг, явцуу амбиц, хол, ойрын шунал нь нэгтгэсэн гэвэл бодит байдлаас нэг их  хол зөрөхгүй. Зөвхөн ил цагаан зарласан энэ хоёр нэгдлийг харахад үнэт зүйл болоод үзэл бодлын ялгаа маш их.

Үнэндээ Монголын намууд улаан, цэнхэр өнгөнөөс өөрөөр бодлогын болоод боловсролын ялгаагүй болсон. АН-ын ардчилагч Л.Болд МАН-ын улаан коммунист болтлоо улаарсныг жишээлбэл шүү дээ. Түүнчлэн МАН дотор “хуульгүйгээр хүн буудахыг хүсдэг хувьсгалчдыг” эсэргүүцэгчид, эрх зүйт төрийн зарчимдаа үнэнч ч цөөнгүй. Иймээс л Монголын улстөрчид мэдлэг, мэдээлэл, боловсролын төвшин, үнэт зүйл, суурь зарчмаараа нэгдэж эхэлсэн нь сайны дохио. Барья, хорьё, цаазалья, хураая, дээрэмдье, тоноё гэдэг эрх мэдлийн төлөө нүдээ ухахад бэлэн болчихсон популистууд бол тонил цаашаа. Харин манай, танай нам гэж хайрцаглагдахгүйгээр эрх зүйт төр, хувь хүний эрх чөлөөний төлөө нэгдвэл гоё. Ийм залуус АН, МАН-д байна уу, энэ бол нийгмийн захиалга болжээ.

Холбоотой мэдээ