Нөхрийнхөө хуучин эхнэрийг хороосон тэргүүн хатагтайг цагдан хорьжээ

2020-02-06 277

Өмнөд Африкаар хүрээлүүлэн орших уулархаг Лесотогийн вант улсын тэргүүн хатагтай Мезайя Табане нөхрийнхөө хуучин эхнэрийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байна.

Ерөнхий сайд Томас Табане 2017 оны зургадугаар сард тангараг өргөх ёслолоос хоёрхон өдрийн өмнө хуучин эхнэр Липолело Табане нь нийслэл Масеру дахь гэрийнхээ гадаа буудуулж нас баржээ.

42 настай Мезайя Табане өчигдөр/2020.02.05/ шүүх хуралд оролцон, цагдан хоригдож байна. Түүнийг нөхрийнхөө хуучин эхнэрийг хөнөөсөн гэдгээс гадна хамт байсан эмэгтэйг нь хөнөөхийг завдсан гэх хэрэгт буруутгаж байгаа аж. Гарсан дуулиантай холбогдуулан албан тушаалаасаа огцрох эрх баригч намын хүсэлтийг 80 настай Ерөнхий сайд хүндэтгэн, хүсэлтийг биелүүлэхээр болжээ. Гэхдээ түүний огцрох хугацаа хараахан зарлагдаагүй байна.

Сэтгүүлчид хатагтай Мезайягийн өмгөөлөгчтэй холбогдож чадаагүй байгаа бөгөөд цагдаагийнхны хэлснээр нэгдүгээр сард аллагын хэргээр байцаалтад дуудахад ирээгүй учир түүнийг гол сэжигтнээр татжээ.

Аллага болохын өмнө ерөнхий сайд, өмнөх эхнэртэйгээ салах хэлэлцээр хийж байсан аж. Мөн хуучин эхнэрийнхээ үхлээс гурван сарын дараа сайд Томас Табане дахин гэрлэжээ.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ