Авлига авч 100 мянган долларын хэрэгт нэр нь холбогдсон прокуроруудыг танилцуулая

2020-02-06 193

Иргэн Буяндорж хэрэгт нь хяналт тавьж байсан нэр бүхий прокурорууд өөрөөс нь 100,000 доллар нэхэж өгөөгүйн төлөө жил гаруй цагдан хорьж, 5 Эрүүгийн хэрэг үүсгэн, 9 жил шүүхээр явуулсан прокуроруудын нэрийг зарлаж, холбогдох баримтуудыг Ерөнхийлөгчийн тамгын газарт өгсөн билээ. Тэрээр БЗД-ийн Ерөнхий прокурор Ц.Батболд, Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор асан П.Халиун нарын нэрийг хэлсэн билээ.
Нэр дурдагдсан прокуроруудыг танилцуулж байна.

1. Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Цоодолын Батболд

Тэрээр 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль төгсч,2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистр, 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторантурт элссэн. Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуроос ажлын гараагаа эхэлж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор,Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, Баянзүрх дүүргийн прокурорын газрын орлогч прокурор, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд дарга, Нийслэлийн прокурорын орлогч, Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокуророор тус тус ажиллаж байсан. Одоо БЗД –ийн Прокуорын газрын Ерөнхий прокурор хийж байгаа. Прокурорууд дотроо хөрөнгө орлогоороо дээгүүрт ордог. 210 сая төгрөгийн үнэтэй орон сууц, 130 сая төгрөгийн үнэлгээ бүхий ,Lexus, RX 350- 1, Тоёота, Land Cruiser 200- 1 маркийн автомашинуудтай, 17 саяар үнэлэгдэх малтай, 17 сая төгрөгийн хадгаламжтай. БТМГ ХХК-ийг 100 хувь, Сиавард ХХК-ийн 33 хувь, Городок-Оч ХХК-ийн 50 хувь, Эрдэнэтолгой төв ХК 6 хувь, Эрдэнэтолгой төв ХК-ийн 5.49 хувийг эзэмшдэг байна.Ц. Батболд нь үе дамжсан прокурор. Түүний аав Цоодол Хөвсгөл аймгийн Ерөнхий прокуророор олон жил ажилласан учраас үе дамжсан прокуроруудын нэг юм.

2. Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналтын прокурор Жамсранжавын Сандагсүрэн.

Прокурор Ж. Сандагсүрэн өмнө нь 2 ч удаа дуулиан тарьж байсан. 2017 онд Нийслэлийн прокурорын газрын хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байхдаа С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын зарим баримтуудлыг МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр ярьж шүүмжлэлд өртөж байсан.
Нөгөөх нь УИХ-ын дарга асан М. Энхболд нарын “60 тэрбумын хэрэг”-т авлигалын шинж тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэргийг хаах нь зүйтэй гэсэн тогтоол гаргаж, “Хонгилын прокурор” нэр зүүж байсан.

3. Нийслэлийн прокурорын Хяналтын газрын прокурор байсан П.Халиун

Прокурор П.Халиуныг иргэн Буяндорж “өөрийн гэр бүлийн компаний өмгөөлөгчөөр 100,000 долларын гэрээ хийлгэж 10,000 долларыг нь одоо, 90,000 долларыг нь хэрэг шийдэгдсний дараа өгүүлэхээр гарын үсэг зуруулсан, цаана нь дарга нарынх нь даалгавар байсан байх” гэж мэдэгдсэн. П.Халиуныг 2015 онд Прокурорын байгууллагаас гарсан гэсэн албан ёсны мэдэгдэл гаргасан. Түүний анхны нөхөр нь Нийслэлийн нэгэн шүүгч байсан бол одоогийн нөхөр нь прокуророор ажилладаг юм байна.
Зураг дээр:
1. БЗД-ийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ц:Батболд
2. Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн

Холбоотой мэдээ