ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ТЭТГЭВРЭЭ БҮРЭН АВЛАА

2020-02-04 157

Өндөр настнуудын тэтгэврийг өчигдөр олгов. Улс даяар онц байдал зарласантай холбоотойгоор ахмадууд банкуудын гадна цугларч, дараалал үүсгэхгүй байхыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас уг нь анхааруулсан. Өөрөөр хэлбэл, санхүүжилт дуусна гэсэн асуудал үүсэхгүй учир харилцах дансаараа дамжуулан тэтгэврээ авах боломжтойг мэдээлсэн ч ахмадууд тоосонгүй. Ажлын цаг эхлэхээс ч өмнө иргэд банкуудын гадна дугаарлаж, тэтгэврээ гартаа авлаа.

Засгийн газар өнгөрсөн сарын 22-нд цэргийн болон нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 500 000 хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 30 000-аар нэмэх болсон. Харин 500 000-аас дээш төгрөгийн тэтгэврийг 25 000-аар нэмэхээр шийдвэрлэсэн юм. Уг нэмэгдлийг иргэдэд өчигдрөөс олгосон.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу өнгөрсөн сарын 10-нд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ баталсан. Уг хуулийг хэрэгжүүлэх нөхцөл хараахан бүрдээгүй ч зээлтэй ахмадуудын тэтгэврийг өчигдөр бүрэн олголоо. Түүнчлэн өнгөрсөн сард зээлд суутгуулсан мөнгийг нь ч нөхөн олгов. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр бол Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэх учиртай. Энэ нь одоогоор ажил хэрэг болоогүй ч арилжааны банкууд болон Монголбанк харилцан ойлголцож, шийдвэрлэсэн тул ахмадуудын тэтгэврээс зээлийг суутгалгүй, бүрнээр нь олгосон гэнэ. “Эрдэнэс Монгол” компанийн эзэмшлийн Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил үргэлжилж буйг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлсэн.

Ташрамд дурдахад, тэтгэвэр барьцаалсан зээлийг зургаагаас ихгүй сараар олгохоор хуульчилсан. Зээл олгох журмыг нарийвчлан батлахаар холбогдох байгууллагынхан ажиллаж буй бөгөөд Цагаан сараас өмнө эцэслэхээр төлөвлөжээ.

Бэлтгэсэн: М.Оч

Холбоотой мэдээ