САР ШИНЭ ДӨХӨЖ КОРОНАВИРУСИЙГ ДАЛИМДУУЛЖ МАХНЫ ҮНЭ ОГЦОМ ӨСЛӨӨ

2020-02-03 157

Хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүснэ гэх сургаар, “Юмыг яаж мэдэх вэ, 5 килограмм гурил аваад тавьчихдаг юм бил үү?” гэж бодоогүй хүн ховор байх. Энэ хуйлрааныг наймаачид атгахгүй алдана гэж үгүй. Өчигдрийн чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, “Махны үнэд манай яам хяналт тавьж чадахгүй” хэмээн ярьж байхад тэд “хил” махаа 1000 төгрөгөөр илүү зарж эхлэхээ мэдэлгүй яах вэ. Хаана, хаанаа хүний амьдрал эргэж буй юм хойно.

Махны худалдагчид лав үнэнээ хүлээв. “Саяын хэд хоног хүмүүс мах их авав уу?” гэж асуувал, “Хөл толгой нь мэдэгдэхгүй юм боллоо. Бид нарын мах зарагдаж дууссан, зарим нь одоо ч дахиж махаа татаж амжаагүй байна” гэж хариулах аж.

Үхрийн мах янз бүрийн үнэтэй байна. Зарим нь үнээ буулгаж амжаагүй байгаа бололтой. 13500 төгрөгөөр худалдаж байх хүн ч байхад, “9500-д ав, хэдэн килограммыг авах вэ” гэх нэгэн ч байлаа. “Үнээ буулгаад байгаа нь энэ үү?” гэж шууд тулгаад асуувал, “Тийм ээ. Уржигдархан 5 мянган төгрөг хүртэл нэмж зарсан шүү дээ. Одоо харин ч буулгачхаад байна. Хүнсний захуудын үйл ажиллагааг зогсоохгүй гэхийг сонсоод хүмүүс арай тайвшрах шиг боллоо” гэх аж. Худалдагчийн үгийг дэвтэртээ тэмдэглээд ууцны худалдааг сонирхохоор гарав.

УУЦНЫ НАЙМААЧИД ГАЙХАШ ТАСАРЧЭЭ

Жил бүрийн Цагаан сарын угтал өдрүүдэд үзэгддэг танил дүр зураг. Хүмүүсийн амнаас уур савсаж, нааш цааш зөрөлдөх. Нэлэнхүйдээ цагаан, саарал өнгө давамгайлах захын гадаах ажин түжин кадрууд. Машины тээшинд тарган, туранхай ууцнуудаа эгээ л амьд юм шиг эгнүүлэн өрж, өөрсдөө дотортой дээл өмсөөд бөөвгөнөцгөөх ууцны наймаачид. Нэг л зүйл өөр. Тэдний нүдэнд эргэлзээ, гайхшрал тодорч байх шиг.

Тэд ч мөн ууц, өвчүүгээ олон янзаар үнэлж байна. 160 мянгаар зарж буй багашаархан ууц ч байх. “400 мянга” гээд хөдлөхгүй сунайсан урт зарим нь ч харагдана. Харин өвчүү нэг килограмм нь 20-30 мянган төгрөг гэнэ. Ханш бол урьд жилүүдтэй харьцуулахад одоогийн байлаар хавилдуу байгаа бололтой. Ингээд портерийн тээшин дээр ууцнуудаа өрсөн эхнэр, нөхөр худалдагчидтай хоёр үг солив.

-Вирусээс айгаад Цагаан сар тэмдэглэхгүй нь олонтаа болчхов уу даа?

-Тэгэхгүй байх л гэж найдаж байна. Монголчууд юу ч болсон Цагаан сараа тэмдэглэж, садан төрлийнхөнтэйгөө золгоно. Олон нийтийн хүрээнд гарахгүй ч ядаж гэртээ ууцаа тавьж, идээ боовоо засах байлгүй дээ.

-Та ноднин ууцны наймаанд гарсан уу?

-Бид жил бүр гардаг.

-Урд жилүүдтэй харьцуулахад ууц сонирхох хүмүүс хэр байна вэ?

-Одоо бол хүн алга л байна. Гэхдээ бас цаг нь болоогүй. Одоо хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмж бууна. Тэгээд л авцгаагаад эхэлдэг юм.

-Ууцнуудаа зарна гэсэн итгэлтэй байгаа юм байна?

-Итгэл бол байна. Монголчууд энэ жил ууц, өвчүүгээ авдгаараа авах байх л гэж бодож сууна.

Ерөөс ууцнуудынхаа дэргэд дуугаа хурааж, элгээ эвхэн суух наймаачид гайхаш тасарчээ. Гэхдээ итгэл нь тасраагүй бололтой.

БАЙДАЛ ОДООГООР ИЙМ БАЙНА

Ямартай ч зах дээрх байдал одоогоор ийм байна.

Цагаан сар тэгтлээ хаяанд тулчхаагүй энэ үед дүгнэлт хийх эрт болов уу. Үүний дээр Онцгой комисс, Засгийн газрын шийдвэр гараад төдийлөн удаагүй байна. Хилүүд хаагдсантай холбоотой зохиомол үнийн хөөрөгдөл бий болох хандлага дахин гарч ирэхийг ч үгүйсгэхгүй. Монголын цор ганц маскны үйлдвэр түүхий эдээ Хятадаас татаж чадахгүй байна хэмээж үйлдвэрлэл нь эрсдэлд ороод буй жишээ бий.

Манайд шинэ төрлийн коронавирусийн халдвар хараахан бүртгэгдээгүй гэж албаны хүмүүс мэдээлсээр байгаа. Өнөөдөр Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 оюутныг эх оронд нь авчирна. Тэднийг ХӨСҮТ-д тусгаарлана. Засаг, төр сайн ажиллаж байна.

Халдвар илэрлээ гэсэн мэдээ зарлагдахгүй л бол иргэдийн “хөөсрөл” намжих цаг ойрхон мэт харагдана. Хүнс нөөцлөх нэрийдлээр хий эрэлт үүсгэхгүй, тайван, уужуу ухаанаар асуудалд хандах нь чухал билээ.

Цагаан сараа айдас хүйдэсгүйгээр тэмдэглэхийг хүн бүр хүсэж байгаа. Гэхдээ Эрээний бэлэг шүтэж, зах замбараагүй үнсэж, үнгэдэг байдлаа эргэж харах хэрэгтэй. “Гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ” гэсэн улсын шийдвэрийг санах нь зүйтэй.

Холбоотой мэдээ