Apple компани Хятад дахь БҮХ дэлгүүр, оффисоо түр хаалаа

2020-02-03 148

Аpple компани коронавирусийн нөхцөл байдлын улмаас Хятад дахь нийт 42 дэлгүүрээ энэ сарын 9-нийг хүртэл хаах шийдвэр гаргалаа. Харин энэ хугацаанд онлайн дэлгүүрийн вебсайт нь хэвийн ажиллах аж.

“Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөмж дээр суурилан бид Хятадын эх газар дахь Apple компанийн оффис, дэлгүүр болон бусад төвүүдээ энэ сарын 9-нийг хүртэл хаах шийдвэр гаргалаа” хэмээн CNN Business-д мэдэгдсэн байна. Мөн “Бид нөхцөл байдлыг ажиглаж дэлгүүрийн хэвийн ажиллагааг аль болох эрт эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

Дэлгүүрүүдийн цэвэрлэгээг сайтар хийж, худалдагчдын биеийн халууныг байнга шалгаж байгаа талаар гүйцэтгэх захирал Тим Күүк мягмар гарагт болсон хурлаар хэлсэн юм.

Түүнчлэн Ухань дахь дэлгүүрийн борлуулалтын уналтыг таамаглаж байсан тухайгаа ч дурдсан.

Хятад дахь борлуулалт нь Apple компанийн нийт орлогын 15 хувийг эзэлдэг байна.

Шинжээчдийн тооцоолсноор коронавирусийн тус компаний борлуулалтад үзүүлэх нөлөө нь бага хэдий ч нөхцөл байдлаас шалтгаалж сөрөг нөлөө нь нэмэгдэх боломжтойг үгүйсгэхгүй байна. Гэсэн хэдий ч борлуулалтын уналтыг хамгийн ихдээ гурван хувь байх таамаг дэвшүүлж буй. Мөн гар утас болон бусад хэрэгслүүдийн үйлдвэрлэлд ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж таамаглаж байгаа хэдий ч хоёрдугаар сарыг дуустал нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх аваас үйлдвэрлэлд тодорхой хэмжээгээр нөлөөлөх аж.

Бусад томоохон компаниуд ч үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоогоод буйд Starbucks болон Ikea багтжээ.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ