Өнгөрсөн онд гал түймэрт шатсан “ANNA HOME” асрамжийн төвийн хүүхдүүд шинэ байрандаа орлоо

2020-01-31 152

Өнгөрсөн оны 05 дугаар сард гал түймэрт өртөж, шатсан “Anna home” асрамж, халамжийн төвийн байрыг шинээр барих ажил аймаг, орон нутгийн захиргаа, байгууллага, аж ахуйн нэгжүүд, ард иргэдийн хамтын дэмжлэг, хандив тусламжаар өрнөж, өнөөдөр /2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр/ шинэ байрандаа нүүн орлоо.

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой, цэцэрлэг, сургуульд ойр байршилд газар олгож, аймгийн Засаг даргын А/234 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 77.0 сая төгрөг, Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр барилгын ажилд шаардагдах 30 тонн цемент буюу 600 уут, байшингийн блокны туслалцаа үзүүлсэн бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 5.5 сая, орон нутгийн төсвөөс 3,6 сая төгрөгийн хувцас, эд материалын дэмжлэг тус тус үзүүлсэн байна.

Тус төвийг байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй дэмжлэг үзүүлж ажилласан Голланд улсын “Бүхнийг хүүхдийн төлөө сан”-гийн төлөөллүүд болон тус төвийг барьж байгуулахад хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн гүн талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ