Ц.Нямдорж: Та нар Н.Номтойбаярыг янаглан хорлолоо доо

2020-01-30 141

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэх асуудлаар үргэлжилж байгаа ч ирц бүрдэхгүй байгаа юм.

Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж, нууц санал хураалт явуулсан юм. Нууц санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Харин Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх УИХ-ын тогтоолыг батлах санал хураалтыг нээлттэй явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолын төслийг  дэмжээгүй юм.

Ийм ойлгомжгүй байдал үүссэнээс болж МАН-ын бүлэг түр завсарлага авсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн юм. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо Н.Номтойбаярын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцээд дэмжсэн юм. Одоо чуулганаар уг асуудлыг хэлэлцэх боловч ирц бүрдсэнгүй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: УИХ-ын дарга ингэж хууль зөрчиж, буруу жишиг тогтоож болохгүй. Үндсэн хууль зөрчиж байна. Нэгэнт УИХ-ын гишүүдийн олонхи түдгэлзүүлэхийг дэмжсэн байхад тэрүүгээр нь шийдээд яв. Чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэнэ гэдэг чинь Үндсэн хууль зөрчиж байна. Наад хүний чинь гэм буруутайг тогтоогоогүй байгаа. Хэрвээ гэмт хэрэг хийгээгүй, гэм буруугүй байвал бүрэн эрхээ сэргээх боломжтой. Гэтэл өөрийн хүсэлтээр нь чөлөөлнө гэдэг чинь шууд, бүрмөсөн явуулна гэсэн үг. Та нар Н.Номтойбаярыг үнэндээ янаглан хорлож байна. Ингэж болохгүй. Энэ хүний чинь ард олон мянган сонгогчид байна. Ингэж Үндсэн хууль зөрчиж болохгүй УИХ-ын дарга аа. Маш буруу жишиг шүү.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Ямар ч хууль зөрчөөгүй. Даргын зөвлөл дээр яриад шийдчихсэн. Ц.Нямдорж сайд та үдээс хойших хуралдаанд байхгүй байсан учраас ойлгохгүй байна. Хэрвээ ирц бүрдэхгүй бол энэ асуудал чинь шийдэгдэхгүй шүү. Болохгүй бол шууд түдгэлзүүлэх саналаар УИХ-ын тогтоолын төслийг батална.

УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлгийн завсарлага дууссан. Нэгэнт завсарлага авсан асуудлыг танилцуулах хүмүүст чуулганд ирэхгүй байгаа учраас шууд дараагийн асуудалда орж, санал хураалт явуулах хүсэлтэй байна. Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг баталгаажуулах тогтоолын санал хураалтаа явуулъя.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Гишүүдийн нууц өгсөн саналыг л баталгаажуулах төслийн санал хураалт  ш дээ. Энэ санал хураалтыг заавал хаалттай явуулах хэрэггүй. Нээлттэй горимоор саналаа хураагаад яв.

Ингээд нээлттэй горимоор Н.Номтойбаярын  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тогтоолын төслийг бүхэлд батлах санал хураалтыг дахин явуулахад хуралдаанд оролцсон 42 гишүүний 38 нь дэмжлээ. Тогтоол батлагдсан цагаас эхлэн Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн байхаа болилоо.

Холбоотой мэдээ