Ж.Амарсанаа: Хоёрдугаар сарын 02-нд Ухань хот коронавирусийн голомт руу сайн дураараа явна

2020-01-29 158

Эрүүл мэндийн Дэд сайдаар ажиллаж байсан асан Ж.Амарсанаа өмнөд хөршийн Ухань хот руу сайн дурын эмчээр явах гэж байгаагаа зарлалаа. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан “2020 сарын хоёрдугаар сарын 02-нд шинэ коронавирусийн голомт руу явна” хэмээжээ. Түүнтэй холбогдож энэ талаар тодрууллаа.

-Сайн байна уу? Та Ухань хот руу сайн дурын эмчээр явах гэж байгаа юм уу?
-Тийм ээ. Яагаад болохгүй гэж! Тэр бүс нутагт ажиллах эмч мэргэжилтэн шаардлагатай байгаа юм билээ. Вирусийн тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа бөгөөд, тухайн вирусийн голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараар бага ч гэсэн хувь нэмэр оруулж, Монгол эмч нар мэдлэг чадвартай, зоригтой, сэтгэлтэй гэдгийг харуулах болно.

-Та энэ шийдвэрийнхээ талаар Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд мэдэгдсэн үү?
-Элчин сайдын яам руу холбогдсон. Элчин сайд нь Хятад улс руу явсан, хариуцсан албаныхан нь цагаан сарын баяр таарсан тул амарч байгаа юм билээ. Хятад улс дахь Монголынхоо ЭСЯ-аар дамжуулан явж болох байх гэж бодож байна.

-Тэнд очоод Та ямар тусламж үзүүлэх вэ?
-Ямар тусламж хэрэгтэй байна, өөрийн чадах бүхнээр туслахад бэлэн байна.

-Та халдвар авах вий гэж эмээхгүй байна уу?
-Хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсөнө шүү дээ. Халдвар авахгүй байлгүй. Би насаараа вирустэй “ноцолдож” байна шүү дээ, ажлын туршлага ч байна.

-Та бас залуу эмч нарыг хамт явж ажиллая гэж уриалсан байна?
-Тийм ээ. Фэйсбүүктээ мэдээлэл оруулснаас хойш 30 минутын дотор 5-6 эмч “хамт явъя” гэж холбогдлоо. Арваад эмчтэй нэг баг байхад болно гэж бодож байна гэв.

Холбоотой мэдээ