Урлаг, соёл, спорт, хурал, сургалтын төв, жолооны курсын үйл ажиллагааг бүхэлд нь хориглолоо

2020-01-26 316

Засгийн газрын хуралдаанаар олон нийтийг хамарсан урлаг, соёл, спорт, хурал, сургалтын арга хэмжээг бүхэлд нь хориглосон бөгөөд үүнд сургалтын төвүүд, жолооны дамжаа ч багтаж байна.

Шинэ коронавирусын халдварын эрсдлийн үнэлгээгээр манай улс өндөр эрсдэлтэйд тооцогдож буй бөгөөд Засгийн газраас яаралтай арга хэмжээг авч эхлээд байгаа билээ.

Өнгөрсөн баасан гарагт Улсын онцгой комиссын хуралдаанаар өмчлөлийн хэлбэрээс үл хамааран цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хаахаар болсон.

Харин өнөөдөр эрсдэл өндөр байгаа учир их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон олон улсын хүүхдийн “Найрамдал” төв-ийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэрийг гаргаад байна.

Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор цахим болон теле хичээл зохион байгуулна.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол хууль тогтоомжийг биелүүлэх ёстой. Хувийн хэвшлийн, гадны хөрөнгө оруулалттай сургуулиуд өнгөрсөн удаад сурагчдын амралтын долоо хоногоор сунгахад дагаж мөрдөөгүй тохиолдлууд гарсан. Тухай бүрт нь зогсоосон. Захуудын үйл ажиллагааг аль болох эрсдэл гаргахгүй үүднээс зохион байгуулж байна. Шаардлагатай тохиолдолд Улсын онцгой комисс хуралдаж шийдвэр гаргана” гэсэн юм.

Иргэд, олон нийт эрсдэл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, албан ёсны мэдээллийг хүлээн авахыг албаны хүмүүс хүссэн юм.

 

Холбоотой мэдээ