“Resort World Terelj Hotel” цогцолбороос “ХАР ТАМХИ” илэрч шалгагдаж байна

2020-01-23 338

Налайх дүүргийн 6-р хороо буюу Горхи-Тэрэлжийн цогцолборт газрын “мэлхий хад”-наас хойш байрлах байрлах “Resort World Terelj Hotel” гэх цогцолборын ажилчид ажлын байран дээрээ хар тамхи хэрэглэсэн гэх мэдээллийг эх сурвалж онцоллоо.

Тодруулбал, тус цогцолборын ажилчид болох Б, Г нар нь өнгөрсөн 2019 оны 11-р сарын 27-ний өдөр ажлын байрандаа хар тамхи хэрэглэж байгаа нь хяналтын камерт бичигдэн үлджээ. Гэвч дээрх асуудлыг тус байгууллагын менежер, удирдлагууд мэдсэн хэдий ч байгууллагын нэр хүндээ бодоод мэдээллийг хав дарсан байна.

Энэ талаар тус асуудлыг анх хэвлэлд мэдээлсэн тус байгууллагын хамгаалалтын албанд ажиллаж байсан иргэн О ярьсан байна. Тэрбээр, “Тухайн асуудлыг амралтын газрын удирдлагууд, тодруулбал, менежер Т мэдэж, нийт ажилчдын хурал зарлаж, асуудлыг тодруулаад, хар тамхи хэрэглэхдээ ашигласан ундааны хуванцар сав зэргийг хураан авсан. Ингээд “Байгууллагын нэр төртэй холбоотой асуудал учир цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүйгээр хав дарах нь зүйтэй” хэмээн ажилчид даа үүрэг болгосон.  Ингээд хар тамхи хэрэглэсэн хоёр ажилтнаа “Согтууруулах ундаа хэрэглэсэн” шалтгаанаар ажлаас нь халсан” хэмээжээ.

Харин тухайн үед хамгаалалтын албанд ажиллаж байсан иргэн О тэдний хэрэглэж байгаад үлдээсэн хар тамхины үлдэгдэл хэсгийг тухайн амралтын газрын хашаанд байх нэгэн хус модны ур хэсгийн нүхэнд нуусан байна. Тэрбээр, “асуудал үүс ч шалгагдвал баримт үлдэх ёстой” гэж үзсэн учраас тухайн нүхэнд хийсэн гэж мэдэгджээ.

Түүний мөрөөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид, zarig.mn сайтын сэтгүүлчид тухайн амралтын газарт ажиллаж, иргэн О-ийн өгсөн мэдээллийн дагуу тухайн хус модны ур хэсгийн нүхийг шалгахад тугалган цаасанд боосон зүйл илэрчээ. Ингэхдээ тус амралтын газрын төлөөлөл болон хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан тухайн хэсэгт хэргийн газрын үзлэг, хэмжилт хийгээд, уг боодолтой зүйлийг гарган авсан байна.

Ингээд боодолтой зүйлийг тусгай жингээр жинлэж үзэхэд 3.5 грамм жинтэй, бор хүрэн энгийн хуурай зүйл, нэг цул болон хөлдсөн байсныг баримтаар хураан авч, шинжилгээнд явуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Горхи Тэрлжид байрлах “Resort World Terelj Hotel”-ын хашаанаас  олдсон тухайн нунтаг нь хар тамхины ургамал бөгөөд өөр нэгэн зүйлтэй хольж боловсруулсан байж болзошгүй аж.

Одоогоор цагдаагийн байгууллагаас тус хэрэгт холбогдуулан мэдээлэгч иргэн болоод тухайн амралтын газрын ажилчид, тухайн үед хэрэглэж байгаад ажлаасаа халагдсан иргэд зэргээс холбогдох мэдээллийг авч, шалгалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

“Resort World Terelj Hotel”-ын хашаанаас олдсон 3.5 грамм “хар тамхи”

Ташрамд дуулгахад Горхи-Тэрэлжийн үзэсгэлэнт байгалийг талхлан буй “Resort World Terelj Hotel” нь 2018 оны 1-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Тус газрын цаад эзэд нь улс төрд нөлөө бүхий эрмүүд бий гэж эх сурвалж дурдаад буй. Одоогоор тус газрын эзэмшил Д.Хандсүрэн гэх иргэний нэр дээр бүртгэлтэй байна.

Холбоотой мэдээ