УДАХГҮЙ ЦАГААН САР БОЛНО “БНХАУ-РУУ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЭМЯ-ААС” АНХААРУУЛЛАА

2020-01-23 221

БНХАУ-д коронавирусын халдвар тарж, аюултай хэмжээнд хүрээд байгаа талаар мэдээлэл гарч буй. Манай улсад ч энэ төрлийн вирусын халдвар авсан хүмүүс илэрсэн, энэ талаар албаны хүмүүс нууж байна гэсэн мэдээлэл гарсан.  Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.  Хуралд олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Н.Цогбадрах нар оролцлоо.

Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны төлөөлөл Д.Нарангэрэл “Та бүхэн мэдэж байгаа, шинэ төрлийн коронавирус өнгөрсөн оны сүүлчээр бүртгэгдсэн. Нэгдүгээр сарын 3-ны өдөр ДЭМБ-аас албан ёсны мэдээллийг ЭМЯ-д ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар 282 хүн шинэ коронавирусын халдвараар өвчилсөн байгаа. Үүнээс 6 хүн нас барсан мэдээлэл байна. Манай хөрш БНХАУ-аас гадна БНСУ, Япон, Тайландад бүртгэгдсэн. Албан бус мэдээллээр Австрали, Тайвань, АНУ-д энэ өвчин бүртгэгдээд байна.

Шинэ төрлийн коронавиурс гарсан учраас ЭМЯ-ын зүгээс ДЭМБ-тай өдөр тутамдаа харилцаж байгаа.  Албан мэдээллийг байнга авч байна. Мөн албан бус мэдээллүүдийг ч бас авч байгаа. Энэ мэдээллүүдээр холбогдох газрууд, байгууллагуудад өгсөн.  Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтраад байнга сэрэмжлүүлэг мэдээлэл гаргаж, хяналт тавьж ажиллаж байна.

“Чингис хаан” онгоцны буудалд гэхэд Энэтхэг, Хонгконг улсаас ирсэн халуурсан, халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн 6 хүнийг тусгаарлаж, ХӨСҮТ-д шинжилгээ хийлгэсэн.  Шинжилгээгээр шинэ вирус илрээгүй, А хүрээний вирус болохыг тогтоосон. Иргэддээ зориулсан сэрэмжлүүлэг байнга гаргаж байна. Эрүүл мэндийн чиглэлийн байгууллагууд бүгд бэлэн байдалд ажиллаж байгаа.

Шинэ төрлийн вирусыг зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл байна уу гэдгийг нягталж үзсэн. Тэгээд дунд эрсдэлтэй гэж тооцсон. ДЭМБ-аас Азийн бүс орчмын 37 улсад эрсдэлийн үнэлгээ хийсэн. Хятад улсыг өндөр эрсдэлтэй, бусдыг нь дунд гэж үзсэн.  Гэхдээ өчигдрөөс эхлээд энэ өвчлөл эрчимтэй тархаж байна. Амралтын өдрүүдэд Хятадад 137 шинэ тохиолдол илэрсэн. Өчигдрийн байдлаар эмнэлгийн 14 ажилтан халдвар авсан байна. Энэ өвчин ахуйн хавдалтын замаар халдварлаж байсан бол одоо агаар дуслын замаар халдаж эхэллээ.

Удахгүй Хятадын цагаан сар болно. Мөн хоёрдугаар сард манай цагаан сар болно. Хятад руу чиглэх урсгал нэмэгдэнэ” хэмээлээ.  Түүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Дунд эрсдэл гэдгийг юу гэж ойлгох вэ. Халдвар тархана гэж ойлгох уу, тархахгүй гэж ойлгох юм уу?

-Манай улс БНХАУ-тай олон хилийн боомтоор холбогдож байгаа. Өдөртөө Хятад руу 1000-аас дээш хүн зорчдог.  Ялангуяа Хятад улсаас 300-400 хүн манайх руу ирдэг гэсэн тоон мэдээлэл бий. Бид онгоцны буудал гэлтгүй Замын-Үүдэд хяналтаа өндөржүүлж, халуурсан, ханиалгасан шинж тэмдэгтэй хүмүүсийг үзэж, шинжилж, сэргийлж ажиллаж байна. Дэлхий нийт шинэ вирусын эрсдэлтэй болчихлоо.  Дэлхий дахинд тархах нь бага эрсдэл. Манай улсын хувьд БНХАУ-тай хиллэдэг. Томуугийн өвчлөл өндөр байна. Тийм болохоор халдвар тархах эрсдэлтэй л гэсэн үг.  Америк, Австралид хүртэл энэ өвчний вирус зөөвөрлөгдөж  орж байна. Тэгэхээр манайх эрсдэлтэй бүс яах аргагүй мөн.

Өнөөдрийн байдлаар энэ өвчний эсрэг вакцин гараагүй байна. Яагаад гэвэл шинэ төрлийн өвчин учраас.  Одоогоор шинж тэмдгийн эмчилгээ, шинжилгээ хийж байгаа. ДЭМБ-аас лабораторийн үнэлгээ хийх асуумж өчигдөр ирсэн.

Иргэдэд зөвлөхөд, онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан бүс нутаг руу аялахгүй байх, амны хаалтыг өргөн хэрэглэх, гараа тогтмол савандаж угаах. Түүхий, хагас боловсруулсан хүн хэрэглэхгүй байх. Ханиах, халуурах, цээжээр давчдах зэрэг хүнд хэлбэрийн өвчлөл мэдрэгдвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

Түүний мэдээллийн дараа Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Н.Цогбадрах  зөвлөмж өглөө.Тэрбээр “Энэ өвчлөл гарсан гэсэн мэдээлэл гарсан эхний өдрөөс л холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангаж ажилллаж байна. Өчигдрөөс эхлээд хүнээс хүнд халдаж эхэлсэн учраас эрсдэлийн үнэлгээ хийсэн. Мэргэжлийн байгууллагууд идэвхжиж байна.  Мөн иргэд рүү хандсан сэрэмжлүүлэг мэдээллийг идэвхжүүлж эхэллээ. Коронавирусын өвчлөлийг гахай, тахиа, туулай гээд олон төрлийн амьтан тээж байдаг. Одоо далайн амьтнаас илэрч эхэллээ.

Цаашид иргэд, төр захиргааны байгууллага бүгд хамтарч эхлэх хэрэгтэй байна. Иргэд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлгийг маш анхааралтай уншиж, сонсож, сэргийлэх хэрэгтэй байна.  Сар шинийн үеэр ахмад настай л хүн биш бол үнсэхгүй байвал зүгээр байна. Сургууль, цэцэрлэг эхэллээ. Сургууль, цэцэрлэгийн багш нар өглөөний асуумжийг авч бай. Ханиалгасан, халуурсан хүүхэд байвал эцэг, эхэд нь буцаах хэрэгтэй” хэмээлээ.

Холбоотой мэдээ