Б.ГАНХӨЛӨГ:МИНИЙ ААВ ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ АМИА АЛДСАН

2020-01-22 191

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү золгүй байдлаар амиа алдаад найман сарын хугацаа өнгөрчээ. Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа ч өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдвэрлэгдээгүй байна. Хэргийн талаар янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарлаа. Энэ бүхэнд ар гэрийнхэн хүлээцтэй хандаж иржээ.

Харин өнөөдөр талийгаачийн ар гэрийнхэн хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед хэргийг улстөржүүлж, улстөртэй хутгаж, улс төрийн зорилгоор ашиглаад байна хэмээн хүүхдүүд нь болон ар гэрийнхэн нь хэлж байна.

Өмгөөлөгч нь “Энэ хэрэг дээр шүүхийн шинжилгээ эцэслэж гарсан. Анхаарал татсан хэдэн зүйлийг хэлэхэд, талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр хөхрөлт хавдалт үүссэн. Задлангийн явцад хүзүүний зүүн хажууд улайлт үүссэн. Энэ нь боолтын улмаас үүсч болох улайлт юм.

Хэвлэлээр өвчний улмаас ухаан алдаж унасан гэж анх мэдээлсэн. Өвчний улмаас цус харваагүй юм. Үүнд гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэж гарсан. Энэ хэрэг дээр УИХ-ын нэр бүхий гишүүнээс үнэн худлыг шалгах тест авсан. Дүгнэлтээр асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугүй түгшүүрийн мэдрэмж өндөр гэж гарсан. Мөн хэргийн газарт үзлэг хийхэд талийгаачийн ашиглаж байсан гар утсыг хураан авсан. Үзлэг шинжилгээ хийж ар гэрийнхэнд хүлээлгэж өгсөн. Гар утсан дээр ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Шинжилгээний дүгнэлтэд гар утсанд байгаа мэдээллийг сэргээх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Хэргийг шалгах явцад ар гэрийнхэнд нь нэг хүн мессэж бичсэн. Гэрч гэж өөрийгөө хэлж, 13 секундийн бичлэг байгаа гэсэн. Гэтэл тэр хүн энэ хэргийн талаар мэдэхгүй, хараагүй гэсэн мэдүүлэгийг өгсөнд эргэлзэж байна. Мөрдөн шалгалтын явцад өөр асуудал байсан, ялангуяа шүүх эмнэлгийнхэнтэй холбоотой асуудал бий.

Шинжилгээний явцад янз бүрийн оношийг дутуу хийсэн. Гар утасны асуудалд шинжээч томилохдоо дотор нь юу байна вэ гэдэгт шинжээч томилсон бол гаднах ул мөр хурууны хээг шинжлээгүй байсан” гэв.

Талийгаачийн хүү Б.Ганхөлөг “Найман сар өнгөрлөө. Бид маш их тэвчээртэй ажиглаж суулаа. Эмээ, өвөө, ээж минь байна. Дөрвөн настай үлдсэн бага дүү хүнд байдалтай байгаа.

Цоо эрүүл сав саруул аав минь ажилдаа яваад эргэж ирээгүй. Гэтэл ажлын цагаан төрийн тусгай хамгаалалттай газарт амиа алдсан. Үнэхээр харамсалтай.

Миний аав гадны нөлөөтэй амиа алдсан. Өндрөөс унасан гэж яриад байгаа. Гэтэл унасан талын нүд нь хөхрөөгүй, баруун нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Төр нийгмийн зүтгэлтэн хүн Төрийн ордонд ажлын цагаар амиа алдсан. Тэгвэл гудамжинд алхаж яваа жирийн иргэд бидэнд амь явах баталгаа алга. Найман сар өнгөрчихөөд байхад хэргийг шийдвэрлэж өгсөнгүй. Монгол Улс хууль засаглал, төртэй улс. Аавын минь амиа алдсан хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Итгэл алдраагүй хүлээж байгаа шүү” гэлээ.

Бид аавынхаа амийг нэхэж, шударга ёсыг нэхэх болно

Талийгаачийн охин Б.Цэлмэг “Бид аавыгаа маш их санаж, үгүйлж байна. Эмээ өвөө минь аавын минь зургийн өмнө олон цагаар сууж залбирч байна. Ээж минь үлдсэн амьдралдаа шаналж, дүү минь бэтгэрч байна. Орой ороод ирэх юм шиг санагдаж, хүлээлээ. Бид аавынхаа амийг нэхнэ. Шударга ёсны төлөө тэмцэх болно” гэв.

Холбоотой мэдээ