Дарга нарын “Казино”-тай айлчлал

2020-01-20 299

Австрали Улсын нийслэл Канберра хотод болж байгаа Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс оролцож байгаа юм. Энэ ажлын айлчлалд УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар явжээ. Тэгвэл УИХ-ын даргын айлчлал тойрсон албан ёсны мэдээлэл түгэхээс өмнө бүрэлдэхүүнд явсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн “…Сиднейн казинод энэ сарын 17-18-нд тоглож байгаа нь” гэсэн агуулга бүхий мэдээлэл цацагдлаа. Түүнтэй хамт АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү нарыг байсан гэж www.zarig.mn сайт мэдээлж байна. Үнэн эсэхийг мэдээж өөрөө юм уу, УИХ-ын дарга Г.Занданшатар но­толж, хариулт өгч таарна.

Гэхдээ УИХ-ын гишүүд ийм маягаар казинод тоглосоор л байх уу гэдэг асуудлыг хөндөх ёстой. Өмнө нь ч нэр бүхий хоёр гишүүн Солонгосын казинод тоглож байгаа бичлэг ил болж байсан. Яагаа ч үгүй өнгөрсөн. Харин 2019 оны дөрөв­дүгээр сарын 3-нд Засгийн газрын хуралдаанаар Төрийн албан хаагчид, дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох шийдвэрийг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан юм. Үүнд, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дахь хэсгийн 3.1.4.в, 3.1.4.г дэх дэд заалтуудыг нэмж, гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих…мөрийтэй, казино тоглохгүй байхаар тусгаж өгсөн. Үүнийг зөрчсөн хоёр хүн ажлаасаа чөлөөлөгдөж байлаа. Тиймээс УИХ-ын гишүүдийг казиногоос “хол байлгах” асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэсэн үг. Улс нь санхүүгийн арга хэмжээ авахуулж “саарал жагсаалт”-д орчихоод байхад, УИХ-ын гишүүд нь мөнгөө багтааж ядаад УИХ-ын даргаа дагаж очоод казино тоглож болохгүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Холбоотой мэдээ