Хятадад дэлгэрсэн Хатгаа маягийн шинж тэмдэгээр илэрдэг уг вирусаар гурав дахь хүн нас баржээ

2020-01-20 339

Өнгөрсөн сард Хятадын Ухань хотод анх илэрсэн коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо амралтын өдрүүдэд гурав болж нэмэгдсэнийг тус улсын эрх баригчид өнөөдөр зарлалаа.

Хатгаа маягийн шинж тэмдэгээр илэрдэг уг вирусийн халдвар өнгөрсөн Бямба гарагт 59, Ням гарагт 77, амралтын өдрүүдэд нийтдээ 136-аар нэмэгдсэн байна.

Ингэснээр Ухань хот дахь халдвар авсан иргэдийн нийт тоо 198 болж байна.

Үүнээс гадна Бээжин хотод хоёр, Шэнжэнь болон Хонг Конгт нэг, нэг тохиолдол бүртгэгдсэн нь Ухань хотоос гадна Хятадын бусад хотуудад илэрсэн анхны тохиолдлууд болжээ.

Бээжинд илэрсэн өвчтөнүүд саяхан Ухань хотоор аялаад буцаж ирсэн юм байна. Тэднийг эмнэлэгт тусгаарлаад байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгааг мэдээлжээ.

Хятадын халдварт өвчин судлалын төвөөс Бямба гарагт гаргасан мэдэгдэлд шинэ вирусийг 2003 онд тарж, 700 гаруй хүнийг үхүүлж байсан SARS вирустэй адил аюултай вирус биш гэж дүгнэсэн байна.

Одоо Хятад даяар сар шинийн баярын шилжилт хөдөлгөөн эхэлж байгаа нь вирусийн тархалтыг улам эрчимжүүлж болзошгүй байгаа юм.

Хятадын эрх баригчид болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын аль аль нь шинэ вирус хүнээс хүнд халддагийг батлаагүй ч боломжийг үгүйсгэхгүй байгаагаа өмнө нь мэдэгдэж байв. Одоогоор шинэ вирусийн гарал үүслийг бүрэн тогтоож чадаагүй байна.

Эх сурвалж: South China Morning Post

Холбоотой мэдээ