“Улаанбаатар смарт карт” иргэдээс сар бүр САЯТАН ТОДРУУЛНА

2020-01-17 190

Нийслэлчүүд нийтийн тээвэртээ цахим картаар үйлчлүүлж эхлээд таван жил болж байна. Гэвч иргэд бэлэн мөнгөөр зорчих зөрчил ихээр гарч байгаа тул “Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс тогтмол U money картаа уншуулан автобусаар зорчдог иргэдээ урамшуулах зорилгоор нийтийн тээврээр зорчигч иргэдийн дунд “Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулж азтан шалгаруулахаар болжээ. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал энэ талаар “Сард 10 болон түүнээс дээш удаа u-money карт, ХААН банк, Юнител, Мобиком, Скайтел компанитай хамтарсан картаар төлбөрөө төлөн нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн дунд энэхүү хөтөлбөрийг явуулна. Тохирлыг сар бүр явуулах бөгөөд картны ард байрлах 16 орны сүүлийн 4 орон таарвал нэг сар үнэгүй зорчих эрх, 5 орон таарвал 500,000 төгрөг 6 орон таарвал 2 сая төгрөгийн азтан болно.Урамшуулалт хөтөлбөрийг 2020 оныг дуустал сар бүр азтан тодруулна” гэлээ.  Хөтөлбөрийн зорилго нь цахим карт ашиглаж буй зорчигчдоо урамшуулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үйлчилгээний хөлс төлөлтөд цахим картын хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой аж. Нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байх бөгөөд жилийн туршид 120 сая төгрөгийн хонжворыг 1,321 хүнд олгохоор төлөвлөсөн байна. Азтан болсон хэрэглэгчдэд шагнал олгох хугацаа нэг cap буюу дараа сарын сугалааны тохирлын өдөр болтол хадгалагдана. Энэ хугацаанд иргэд иргэний үнэмлэх болон смарт картын хамт ирж шагналаа авах ба шагналаа аваагүй тохиолдолд азтаны шагналыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлах аж.

Сугалааны тохирол сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагт 19:00 цагаас телевизээр болон фейсбүүк хуудсаар шууд хүрэх юм байна.

Холбоотой мэдээ