УИХ-ын гишүүд Сонгогчдоосоо зугтаж, тойргоо солигсод

2020-01-17 204

Дассан газрын даавуу зөөлөн гэж үг бий. Гэвч улстөрчдийн хувьд тойргийн сонгогчдоо дасгаж байгаад эргэж уулзах нүүргүй болмогц бултаж, зугатдаг “моод”-той.

Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд УИХ-ын долоон удаагийн сонгуулиар парламентад тухласан ч тойргоо огт солиогүй гишүүн ганц үгүй. 1992-2016 оны хооронд болсон УИХ-ын сонгуульд Ц.Нямдорж л гэхэд 7 удаа ялалт байгуулсан. Тэр Увс аймгийнхаа тойрогт “хүч” үздэг байснаа 2016 онд гэнэтхэн Хан-Уул дүүргийн иргэдийг төлөөлөхөөр болсон.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ч ялгаагүй 7 удаагийн парламентад өвдөг шороодогүй нэгэн. Тэр өвөрхангайчуудыг төлөөлж байснаа Баянгол дүүрэгт нэр дэвшин, ялалт байгуулсан.

Төрсөн нутаг хэмээн Завхан аймгаас улстөрчийн гараагаа эхлүүлж байсан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Говь-Алтайгаар овоглуулах нь холгүй явсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар Баянзүрх дүүрэг болгон тойргоо сольцгоосон.

Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Хөвсгөл аймгаасаа зугатаж чингэлтэйчүүдийг төлөөлөх болсон.
Тэдний хувьд олон удаа нутгийн сонгогчдоо хуурсан учраас эргээд очих нүүргүй болж, олон нийтэд чадварлаг улстөрч гэх “алдар” хадгалагдан үлдсэн учраас сүүлчийн “сум” буюу өдгөө оршин суугаа газраа томъёолон нэр дэвшдэгтэй холбоотой.

Ийн тойргоо сольсон гишүүд “Төрсөн нутгаасаа олон удаа парламентад сонгогдож, чамгүй зүйлийг хийлээ. Харин одоо бол та бүхнийгээ төлөөлөхөөр шийдлээ. Учир нь би энэ дүүргийн иргэн. Төрсөн нутаг шигээ хөгжүүлж чадна” гэх үгсийг уянгалуулдаг. Харамслатай нь очих газаргүй учраас л шинэ тойргийн сонгогчдыг мунхруулж буй нь тэр.
Уг нь тойрогтоо хийсэн, бүтээсэн зүйлтэй, сонгогчдынхоо эрх ашгийн төлөө дуугарч чаддаг улстөрчдийн хувьд нүүр бардам байхаас гадна тойрогтоо дархлагдаж, ёстой л танихгүй бурхнаас, таньдаг чөтгөр гэгчээр иргэдийн саналыг авах боломж нээлттэй байдаг.
Харамсалтай нь УИХ-ын гишүүдийн хувьд санал өгсөн иргэдийн төлөө бус нэр дэвших квот өгсөн намынхаа төлөө ажилласаар дөрвөн жилийн мөчлөгийг өнгөрөөсөөр ирсэн.
Хуульд нэг хүн нэг газар нэр дэвших тухай заасан байдаг. Тиймээс намууд нэр дэвшигчдээ суудал олж ирэх тойрогт нь хуваарилсаар ирсэн гэсэн үг. Хууль зөрчөөгүй боловч сонгогчдоо дасгаж, санал авсан ч тойрогтоо хийсэн зүйлгүйдээ бантан бултсаар байдаг улстөрчдөд энэ удаагийн сонгуулиар дүнг нь тавих цаг болсон бололтой.

Тойргоо солигсодод  сонгуулийн тогтолцооч тусалдаг гэхэд болно. Хэрэвзээ бүр тойрог олдохгүйд хүрвэл тэд намын жагсаалт гэх “том гишгүүр”-ийг сонгуулийн хуульд суулгаж өгдөг. Энэ удаагийн сонгуулийг ч ялгаагүй энэ л зарчмаар зохион байгуулна. Тэгэхлээр бултагсад жагсаалтад багтахаар чихэлдэх ч магадлалтай. Тиймээс л сонгогчид сонголтоо зөв хийж гэмээнэ өнгөрсөн 30 жилийн түүхийг давтахгүй.

Холбоотой мэдээ