Н.Отгонбаатар: UFC, One Championship, Bellator холбооны бүсийг авмаар байна

2020-01-16 343

Холимог тулааны “MFC-Mongol Fighting Championship” холбооны гурав дахь тэмцээн ирэх сарын 01-ний өдөр “АСА Цирк”-д болно. “MFC-3”-ын оргил тулаан нь БНСУ-ын “Road FC” холбооны тамирчин, “MFC” холбооны хөнгөн жингийн аварга М.Нандин-Эрдэнэ болон АНУ-ын Калифорни мужийн “Dragon House” холбооны аварга Н.Отгонбаатар нарын хооронд болно.

“MFC-2” тэмцээний 70 кг жинд М.Нандин-Эрдэнэд ялагдаж, аваргын бүсээс атгаад алдсан Н.Отгонбаатар энэ удаа даагаа нэхэх учиртай. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас гаралтай, чөлөөт бөх, каратэ, байлдааны самбо зэргээр хичээллэж байсан, цагдаагийн хошууч Н.Отгонбаатартай ярилцлаа.

Тэрээр өдгөө 33 настай, ирээдүйд UFC, One Championship, Bellator холбоодын аваргын бүсийг эзэмшихийг хүсдэг байна.

ТУЛААНЫ ДАРАА ЯАГААД М.НАНДИН-ЭРДЭНЭД БҮС ӨГСНИЙГ ОЙЛГООГҮЙ

-М.Нандин-Эрдэнэтэй дахин тулалдах саналыг та тавьсан уу, эсвэл MFC холбооноос тавьсан уу?
-Би М.Нандин-Эрдэнэтэй дахин тулалдмаар буйгаа илэрхийлж, MFC холбооны хариуцагч нарт энэ тулааныг зохион байгуулж өгөөч гэж санал тавьсан. М.Нандин-Эрдэнэ саналыг маань яаж хүлээж авсныг мэдэхгүй. MFC холбооноос зохицуулж өгсөн байх.

-Өмнө М.Нандин-Эрдэнэтэй тулалдахад шүүгчид та хоёрыг тэнцсэн гэж шийдсэн. Гэвч дараа нь түүнд бүсийг өгөхөд ямар сэтгэгдэл төрсөн бэ, тэр шийдвэртэй санал нийлж байна уу?
-Санал нийлдэггүй. Шүүгчээс болоод тамирчид хохирох ёсгүй. Мэргэжлийн тэмцээнийг мэргэжлийн шүүгч шүүх ёстой. Тулааны дараа яагаад М.Нандин-Эрдэнэд бүс өгснийг ойлгоогүй. Үнэхээр бүс өгөх байсан юм бол тухайн үедээ, шууд үзэгчдийн өмнө гардуулах ёстой байсан юм. Тэнцсэн тухайд юм яримааргүй байгаа ч шүүгч тоглолтын үеэр эсрэг тамирчны нүдэнд юм орсон гэж тулааныг зогсоож дахин босоогоос эхлүүлсэн нь таалагдаагүй (Өмнөх тулааны нэгдүгээр үед болсон). Уг нь хэвтээ байрлалаас үргэлжлүүлэх ёстой байсан юм. Мэргэжлийн тулаанд тоглолтыг яаж түр зогсоосон тэр байдлаас үргэлжлүүлдэг.

-Та тэр тулаанд өөрийгөө ялсан гэж бодсон уу?
-Нэгдүгээр үеийг би авсан. Харин хоёрдугаар үеийн сүүлийн минут гаруй хугацаанд ядарч эхлээд улмаар гуравдугаар үеийг М.Нандин-Эрдэнэ авсан байх. Хоёрдугаар үед бид ид байсан л гэж хэлмээр байна. Тэгэхээр шүүгчийн л үзэмж юм даа.

-“MFC-2”-оос өмнө Монголд тулалдаж байсан уу?
Shinobu fight, Zev, MGL зэрэг олон тэмцээнд тулалдаж байсан. Зөвхөн Монголд нийт 30 гаруй тэмцээнд орсон. Ихэнх тэмцээндээ түрүүлсэн дээ.

MFC-3 Т ЯЛБАЛ 10 САЯ, ЯЛАГДВАЛ 5 САЯ ТӨГРӨГИЙГ АВНА

-Холимог тулаанаар хичээллэж эхэлсэн түүхээсээ яриач? Таныг чөлөөт бөхийн суурьтай гэж сонссон.
-Манай аав ч спортын хүн. Үндэсний болон чөлөөт бөхөөр барилддаг байсан юм. Би аавыгаа дуурайсан л даа. Аав минь намайг цагдаагийн байгууллагад оруулснаар миний тулааны спортоор хичээллэх эхлэл тавигдсан. Цагдаагийн албан хаагч бол албаны бэлтгэл, бие хамгаалах тактик, байлдааны самбо, каратэ зэргийг эзэмшсэн байх шаардлагатай. Бусдын амь насыг аврахаас эхлээд бүх зүйлд өөрийгөө бэлдсэн байх хэрэгтэй. Тиймээс би 2007 оноос каратэгээр хичээллэж, 2009 онд холимог тулааны спортод хөл тавьсан юм. Харин чөлөөт бөхөөр багадаа л хичээллэж байсан. Тухайн үед чөлөөт бөх заалгаж байсан А.Алтан-Очир, Б.Түвшинтөгс багш нарынхаа ачаар өдий зэрэгтээ хүрсэн дээ.

-Холимог тулаанаар одоо 4-1-2 амжилттай яваа гэж ойлгож болох уу?
Миний зарим тулааны үр дүн бүртгэгдээгүй учраас яг тэд гэж хэлж мэдэхгүй байна.

-Сан Франциско хот дахь “Dragon House” холбоонд орсон, түрүүлсэн түүхээсээ хуваалцаач?
-2017 онд “MFC” холбооны У.Зоригт ахын санал болгосноор илүү ихийг сурахын тулд АНУ-ыг зорьсон. Анх өөр клубтэй гэрээ хийн тулалдаж байгаад сүүлд “Dragon House” холбоонд нэгдсэн юм. Холбоонд орсны дараа дөрөв тоглоод аваргын бүсийг нь авсан даа.

-Зөвхөн холимог тулаанаар амьдралаа авч явах боломжтой юу?
-Би энэ спортоор Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахыг хүсдэг. Холимог тулааны спортын хөгжөөн дэмжигчид Монголд одоохондоо цөөхөн. Тиймээс үндсэн ажлаа хийж цагдаагийн байгууллагаас цалингаа авдаг. Гэхдээ тоглолт бүрд ялах эсвэл ялагдахаас хамаарч тодорхой хэмжээний мөнгө авна. Жишээ нь би “MFC-2” тэмцээнд ялагдаад 2.5 сая төгрөг авсан. Хэрэв одоо “MFC-3”-т ялбал 10 сая, ялагдвал 5 сая төгрөгийг авна.

-Холбооныхоо тухай яриач, бусад холбооноос ямар ялгаатай юм бэ?
“Dragon House” нь АНУ-ын Калифорни мужийн хөгжиж яваа залуу холбоо. Хараахан дэлхийн хэмжээнд хүрэхүйц хөгжиж амжаагүй. Манай холбоо олон улсаас тамирчин урьж оролцуулдаг, эзэн нь Ази гаралтай хүн бий.

-Тамирчид тулаан болгоны дараа тодорхой хэмжээний бэртэл авдаг шүү дээ. Өөрөө хэр их бэртдэг вэ, хэзээ хамгийн хүндээр бэртэж байв?
-Яг тоглолтын үеэр би өөрийнхөө бэртлийг сайн мэдэрдэггүй. Бэртсэнээ мэдсэн бол өрсөлдөгчдөө боломж олгохгүйн тулд нуухыг хичээдэг. Ер нь хүнд бэртсэн тохиолдол байхгүй. Харин жижиг хавдар, хөмсөг сэдрэх зэрэг хөнгөн бэртлүүд бол байх.

“ONE CHAMPIONSHIP”-Т ОРОХООР УРЬДЧИЛСАН ТОГЛОЛТ ХИЙЖ БАЙНА

-Тулааны спорт таныг яаж өөрчилсөн бэ? Танд юу өгсөн бэ?
-Тулааны спортоор хичээллэснээр би бусдыг болоод өөрийгөө хамгаалахад суралцсаны сацуу спорт ямар их хүндлэл дээр тогтдогийг мэдэрсэн. Бид бэлтгэлийн заалаа, багшаа, бие биенээ хүндэлж, хайрладаг.

-Холимог тулааны спортоос дэмжиж, хүндэлдэг тамирчин бий юу?
-Тамирчин болгонд хүндэлж, хайрлаж явдаг тамирчин бий байх. Би хувьдаа Оросын домог болсон тулаанч Федор Емельяненког харж, түүний спортын соёл, чадварыг биширч явдаг даа.

-Бусад холбооноос санал ирж байв уу?
-Үгүй ээ. Харин “One Championship”-т орохоор урьдчилсан тоглолт хийж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард урьдчилсан шатны эхний тулаанаа Японд хийж, өрсөлдөгчөө эхний үед боолтоор ялсан. Хоёр дахь тоглолтын тов удахгүй “MFC-3”-ийн дараа гарах байх.

-Ирээдүйд UFC, One Championship, Bellator зэрэг холбоонуудад тулалдана гэж боддог уу?
-Холимог тулаанаар хичээллэдэг хүн бүр UFC, One Championship, Bellator зэрэг дэлхийн томоохон холбоонд тоглохыг хүсдэг байх. Би гурвуулангийнх нь бүсийг авмаар байна. Тиймээс хичээх л хэрэгтэй. Гэхдээ заримдаа би яаж хичээхээ мэддэггүй. Учир нь тулаан болгондоо ялдаг тамирчид эдгээр холбоонд орж чаддаггүй шүү дээ.

-Ирэх сарын 1-нд болох тулааны бэлтгэлээ хаана хийж байгаа вэ?
-Ажил дээрээ (Хүч спорт хороо) хийж байна.

-Энэ удаагийн тулаанд ялна гэж бодож байгаа юу?
Ялна гэдэгтээ итгэлтэй байна. Би аливаа нэг зүйлд өөрийгөө дайчилж, сэтгэлзүйгээ байнга бэлдэж, бүх зүйлд ялна, би чадна л гэж өөртөө хэлдэг дээ.

-Өмнөх тулаанаас ямар сургамж авсан бэ?
-Ер нь туршлага сайн суусан. Өмнө гаргасан алдаагаа давтахгүй, бодсон тактикаа дэвжээн дээрээ хэрэгжүүлнэ дээ. М.Нандин-Эрдэнэ боксын хүн бол би бөхийн хүн. Тэгэхээр өөрийгөө хэвтээгээс илүү гэж бодож байна. Мэдээж ямар ч хүн давуу талаа ашиглана. Гэхдээ би босоогоос ч дутахааргүй үзнэ.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. Эцэст нь хэлэхэд тусалж дэмжиж байдаг гэр бүл, найз нөхөд, багш нар болоод “Дорнын өртөө ХХК”-ийн Р.Мөнхбаяр, “Мөнх ногоон тал ХХК”-ийн Д.Нямдаваа, “Novel Leasing” компанийн Э.Эрдэнбаатар, Д.Ангар ах нартаа баярлалаа.

Холбоотой мэдээ