Н.Ариунболд: МАН юу өөрчлөхөө мэдэхгүй байж амлалтаа биелүүлэх гэж Үндсэн хуулиар тоглосон

2020-01-15 157

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Үндсэн хуулийн Цэцэд хуульч Н.Ариунболд маргаан үүсгээд буй билээ. Ингээд түүнтэй Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцав.

Өнөөдөр ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдөр тохиож байна. Энэ өдрийн ач холбогдол юунд байдаг вэ?

-Тийм ээ. Өнөөдөр ардчилсан Үндсэн хууль батлагдсан 28 жилийн ой тохиож байна. Харин хэрэгжиж эхэлсэн өдөр нь 1992 оны хоёрдугаар сарын 12 юм. Ардчилсан Үндсэн хуулийн ач холбогдлыг тоочоод баршгүй. Гэвч сул тал нь ч мундахгүй бий. Миний бодлоор хувь хүн өөрөө өөрийнхөө эрх, эрх чөлөө, сайн сайхны төлөө ажиллах, тэмцэх, зорилгодоо хүрэх нийгмийн болон хууль зүйн боломжийг олгосноороо ардчилсан Үндсэн хуулийн ач холбогдол оршдог гэж үздэг. Мэдээжийн хэрэг тусгаар тогтносон улс, ардчилсан төр, хувийн өмч, хүний эрхийн баталгаа, хараат бус шүүх, олон ургальч үзэл, нийгмийн халамжийн баталгаа гэх мэт олон ач холбогдол бий. Үүнээс гадна өнөөдрийн танил тал, авилгажсан төрийн эх сурвалж ч Үндсэн хуулиас эхтэй.

-Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээр Үндсэн хуульд хоёр дахь удаагаа өөрчлөлт орууллаа. Энэ өөрчлөлтөөр Үндсэн хуулийн сул талууд засагдсан уу?

-2000 оны өөрчлөлтөөр ч тэр, 2019 оны өөрчлөлтөөр ч тэр иргэдэд шаардлагатай, улс орны хөгжилд тустай гэмээр зохицуулалтууд төдийлөн тусгагдаагүй. Харин УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар тэдгээрийн эрх мэдэл, түүний албан тушаалын хуваарилалтын асуудлыг л хоёр дахь удаагаа тодрууллаа. Өөрөөр хэлбэл эрх баригч улс төрийн нам буюу хэсэг бүлэг хүмүүс хоорондын үл ойлголцлоо Үндсэн хууль руу чихэж, түүнээс гарах арга замаа Үндсэн хуулийн өөрчлөлт гэж харан хандсан нь харамсалтай.

-Таны бодлоор юу засах шаардлагатай байсан бэ?

-Уг нь засна, өөрчилнө гэхээсээ илүүтэйгээр бид Үндсэн хуулиа зөв хэрэгжүүлж, ойлгож байна уу гэдгээс эхэлж асуудлаа хайх, илрүүлэх ёстой байсан. Үүний дараа тухайн асуудлыг ердийн хууль, органик хуулиар засагдах аргагүйд хүрвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэхийг зорих ёстой. Түүнээс биш юу өөрчлөхөө мэдэхгүй Үндсэн хууль өөрчилнө гэж амалчхаад, зөвхөн амлалтаа биелүүлэхийн тулд өөрчлөх асуудлыг хөндсөн нь туйлын харамсалтай, бас эмгэнэлтэй. Одоогоос 20 жилийн өмнө буюу 2000 онд Үндсэн хууль өөрчлөхдөө энэ л асуудлыг өөрчилбөл Монгол Улсаа яг хөгжүүлэх гээд, болох гээд байна гэсэн. Үр дүнд нь юу болсон тодорхой. Дордохын долоон өөрчлөлт гэсэн нэр зүүсэн. Тэгвэл одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хүртэл түүнийг засна гэсэн зорилго тавьсан гэж ярьсан шүү дээ.

-Дордуулсан зүйлээ энэ удаагийн өөрчлөлтөөр засч чадсан болов уу?

-Энгийн жишээ. Үндсэн хуульд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан ажлын 70-аас доошгүй өдөр чуулах тухай анх заасан. 2000 оны өөрчлөлтөөр 50 болгосон. Сая буцаад 70 болгох жишээний. Заримдаа бүр энэ бодлого боловсруулж байгаа улсууд маань согтуу юм биш байгаа гэж хүртэл бодох болсон. Байнгын согтуу байна ч гэж юу байх вэ дээ. Энэ асуудлыг органик хуулиар зохицуулах боломж олгох үүднээс Үндсэн хуульд “доошгүй” гэж заасан байдгийг олоод харчих боломж байсан л баймаар. Өөрөөр хэлбэл нэгэнт Үндсэн хуульд 50-иас доошгүй гэсэн нь яг 50 биш учраас 80, 90 өдөр ч Улсын Их Хурал чуулах боломжтой юм.

-Үүнээс өөр жишээ байна уу?

-Үндсэн хуулийн үг, өгүүлбэр, цэг таслал нь хүртэл улсын хэмжээнд нийгэм, соёл, эрх зүйн үр дагавар үзүүлэх боломжтой байдаг. Жишээ нь 1992 оны Үндсэн хуульд албан татвар гэсэн ойлголт орсон байдаг. Тухайлбал Үндсэн хуулийн 17.1.3-т Монгол Улсын Иргэн албан татвар төлөх үндсэн үүрэгтэй, 25.1.7-д Улсын Их Хурал албан татварын бодлогыг тодорхойлох онцгой бүрэн эрхтэй гэж заасан байдаг.

Тодруулбал Үндсэн хууль анх баталж байх үед нийгэмд олон янзын татвар (намын татвар, холбооны татвар, үйлдвэрчний эвлэлийн татвар) байж болох асуудлыг хөндөж, тэдгээрээс ялгахын тулд төрийн хураан авдаг мөнгөн хөрөнгийг “албан татвар” гэж тусгайлан өөрөөр нэрлэн зааж өгсөн. Харамсалтай нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бодлогын алдаа гаргаж Үндсэн хуулийн 59.2-т “татвар” гэсэн шалдан ойлголт орж ирсэн. Энэ алдаа нь улсын хэмжээнд ноцтой муу үр дагавар, хөгжлийн томоохон саад болох үүдийг нээж өгсөн. Үүнтэй холбоотой маргааныг Цэц 1993 онд шийдэж байсан бөгөөд хуралдаанд орсон шинжээч “Албан татвар нь хураамж, төлбөрөөс зарчмын хэд хэдэн ялгаатай… албан татварыг хураамж, төлбөртэй адилтгах нь эдийн засгийн агуулга, арга зүйн хувьд буруу юм” гэсэн дүгнэлт гаргаж өгсөн байдаг. Гэтэл татварын хууль тогтоомжид “Татвар нь албан татвар, хураамж, төлбөр байна” гэсэн эдийн засаг, хууль зүйн онолын буруу жишгийг Үндсэн хуульд оруулсан нь бодлогын гажуудал юм. Аливаа улс орон дотоод, гадаад зах зээлээс хөрөнгө мөнгө татахын тулд албан татварыг багасгах, тэглэх гэх мэт арга хэмжээ авдаг. Манай улсад татвартаа хураамж, төлбөрийг багтааснаас шалтгаалан аливаа татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зарлахад байгалийн баялгаас олох орлого буюу баялгийн төлбөрөө алдахад хүрдэг. Бороогийн ордын 40 тонн алт гэх жишээний. Үүнээс болоод татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зарлан, хөрөнгө оруулалт татаж чадахгүй өдийг хүрлээ.

-Тэтгэврийн зээл тэглэх асуудлаар хууль батлагдлаа. Үүнийг зарим улс төрч, хуульч Үндсэн хууль зөрчсөн, тэгш байдлыг алдагдууллаа, тэтгэвэр авагчдыг ялгаварлалаа гэх мэтээр ярьж, бичиж байна. Таны бодол?

-Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдлыг хангах нь төрийн үндсэн зарчим. Энэ бодлого халамж уу, хуваарилалт уу гэдгээс л хамаарах байх. Халамжийг нийгмийн боломж багатай эсэхэд хуваарилах нь ялгаварлалд тооцдоггүй. Харин нийтийн өмч дахин хуваарилах гэж байгаа бол асуудал арай өөр.

Тэгвэл тэтгэврийн зээлийг тэглэсэн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандвал хэрхэн шийдвэрлэх бол?

-Мэдэхгүй. Миний хувьд энэ асуудлаар Цэцэд хандсан зүйлгүй. Харин Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн асуудлаар өргөдөл, маргаан гаргасан байгаа. Хоёр дахь иргэн Д.Ламжав гуай болоод байна шүү дээ.

-Хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа УИХ Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн нь үнэн. Энэхүү зөрчил нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Одоогоор шийдээгүй байгаа юм уу хариу алга. 2000 онд үүнтэй адил зөрчлийг Үндсэн хуулийн зөрчил гээд хүчингүй болгосон байдаг. Ер нь Цэцэд шударга шийдвэр гарна гэж итгэх хэцүү. Цэц эрх баригчдын заавраар л ажилладаг болсон шүү дээ. Тэндээс ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал хангах, хууль дээдлэх зарчим хүлээгээд ч нэмэргүй болсон. Үндсэн хуулийн Цэц эзэн нь “суу” гэхээр суудаг, “хэвт” гэхээр хэвтдэг, “хаз” гэхээр хаздаг сургуультай нохой болсон. Одоо Улсын Их Хурал гэдэг томилсон эзнийхээ зааврыг хараад байж байгаа биз.

-Та үүнийгээ яаж нотлох юм. Үндсэн хуулийн Цэц эрх баригчдынх биш Үндсэн хуулийн манаач гэдэггүй бил үү?

-Жишээ нь сонгуулийн хувь тэнцүүлэн тогтолцооны талаарх маргаан. Энэ асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасан. Улсын Их Хурлын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн маргаан. Хоёрын хоёр удаа нөхөн сонгуулийг хойшлуулсан. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид зориулж дүгнэлт гаргасан гэх мэт олон жишээ бий. Уул нь Үндсэн хуулийн 64.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэдэг л дээ. Одоо ч Үндсэн хуулийг бус Улсын Их Хурлыг хамгаалдаг газар болсон. Хувийн дур сонирхлоо дарж чаддаггүй улсууд Үндсэн хууль хамгаалж чадна гэж үү. Зарим гишүүд нь хаана очсон, хаана ажиллаж байгаа, юу ярьж байгаагаа ч мэддэггүй юм биш үү. Нэг талд төрийн өндөр албан тушаалд очихыг тэсч ядсан хүмүүс, нөгөө талд улс төрийн шийдвэр, үйл ажиллагаагаа хамгаалуулах сонирхол. “Зах зээл”-ийн эрэлт, нийлүүлэлтээрээ яваад байгаа юм биш үү. Хэзээ сургуультай нохой эзэн рүүгээ дайрч байлаа. “Алуулна” шүү дээ.
-Тэгвэл Монголд хууль шударга хэрэгжих ямар ч ирээдүй алга уу?

-Үгүй. Үгүй. Ирээдүйгээ бид бүгд тодорхойлно. Энэ бол цаг хугацааны үзэгдэл. Харин үзэгдэл өөрөө дуусах биш, үзэгдлийг залуус дуусгах хэрэгтэй байна.

Холбоотой мэдээ