УИХ-ын гишүүн С.Жавхлан ШИНЭ намаасаа гарчээ

2020-01-13 135

2016 оны сонгуульд бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон С.Жавхлан 2020 оны сонгуульд дахин нэр дэвшинэ гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр энэ талаар “Миний хувьд дөрвөн жил нэр цэвэр, гар цагаанаар ажилласан. Нийгмийн захиалга байна уу, ямартай ч намуудаас надад санал их тавьж байна. Яавал нийгмээ зөв залж залуурдах вэ гэдэг талаар төлөвлөгөө гаргаад сууж байна даа” гэв.

Түүний хувьд Ж.Батзандан, Л.Болд нарын Шударга иргэдийн нэгдсэн эвлэл буюу ШИНЭ намд элсч байгаагаа өнгөрсөн тавдугаар сарын 2-ны өдөр зарласан ч намаасаа гарсан нь дээрх хэлсэн үгээр нь батлагдаж байна.

Тэрбээр ШИНЭ намд элссэн өдрөө хэвлэлийн бага хурал хийж “Өнгөрсөн хугацаанд олон иргэнээс санал ирсэн. Шударга, зөв гишүүдтэй хамтарч ажиллахыг санал болгож байсан. Улс төрийн хувьд ганцаардаж байгааг иргэд ойлгож байгаагаа хэлсэн. Би ганц хүн айл болдоггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд хүчтэй мэдэрлээ. Улс төрд ганцаардал гэдэг хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга. Нөгөө талдаа эдгээр гишүүд надад удаа дараа санал тавьсны дагуу би удаан хугацаанд бодож судалсны эцэст тулгын гурван чулуу болж, Монголдоо үнэний галыг бадраахаар нэгдлээ. Цаашдаа олон ажил хийх болно гэдгийг батлан хэлье” гэж хэлж байсан.

Тэрбээр дээрх өдрөөс хойш дахин Ж.Батзандан, Л.Болд нартай хамт олны өмнө гараагүй. Мөн тус намын үйл ажиллагаанд нь нэг ч удаа оролцоогүй учир нь энэ аж.

Холбоотой мэдээ