Хойд Солонгост нэгэн ээж шатаж буй гэрийнхээ ханан дээрх их удирдагч Ким Жон Уны хөрөг зургийг биш,  хоёр хүүхдээ аварсныхаа төлөө хоригджээ

2020-01-13 549

Хойд Солонгост нэгэн ээж шатаж буй гэрийнхээ ханан дээрх их удирдагч Ким Жон Уны хөрөг зургийг биш,  хоёр хүүхдээ аварсныхаа төлөө хоригджээ.

Уг хэрэг явдал БНХАУ-тай хил залгаа Хойд Солонгосын Хойд Хамгён мужийн Онсон тосгонд гарсан байна. Одоогоор эмэгтэйг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд хэргийг тус улсын Үндэсний аюулгүй байдлын яам шалгаж байгаа талаар Хойд Солонгосын асуудлаар дагнан бичдэг Өмнөд Солонгосын “Daily NK” буюу “Daily North Korea” сонинд мэдээлжээ. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол тэрээр хүний эрхийг дээд зэргээр зөрчдөг гэгддэг Хойд Солонгосын хөдөлмөрийн шоронд хоригдох аж.

Эх сурвалжийн мэдээлснээр түймэрт өртсөн байшинг хоёр айл дундаа хэрэглэдэг байсан аж. Гал гарах үед байшинд хоёр айлын эцэг эхүүд аль аль нь байгаагүй бөгөөд утаа гарахыг хармагцаа дотор байсан хүүхдүүдээ аврахаар эмэгтэй яаравчлан гүйсэн байна. Хэдий тэд хүүхдүүдээ түймрээс аварч чадсан ч нэг айлынх хананд өлгөөтэй байсан их удирдагч Ким Жон Уны хөрөг зураг галд шатаж сүйдсэн аж. Тиймээс тосгоны байцаагчид их удирдагчдын хөрөг зургийг галаас аварч чадаагүй эмэгтэйг хуулийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тэрээр одоо саатуулагдан байцаагдаж байгаа бөгөөд хүүхдүүдээ эмнэлэгт хэвтүүлж чадаагүйгээс гадна түлэгдэлтийг нь эмчлэх антибиотик ч авч өгөх боломжгүй байгаа аж. Хэдий хөршүүд нь хүүхдүүдэд нь туслахад бэлэн байгаа ч  түүнийг улс төрийн гэмт хэрэгт буруутгагдана гэж айж байгаа учир тэдний гэр бүлээс хол байхаар шийдсэнээ хэлсэн байна.

Хойд Солонгосын дарангуйлагч дэглэм айл бүхэнд их удирдагчид болох Ким Ир Сен, Ким Чен Ир болон Ким Жон Ун нарын хөрөг зургийг хүн бүхэнд харагдах гэрийнхээ хамгийн тод ханан дээр хүндэтгэн залахыг шаарддаг бөгөөд түүнээс дээш ямар нэгэн зүйл тавихыг хориглодог. Тиймээс байцаагчид өрхүүдээр явж айлууд их удирдагчдын зурагт хэрхэн хүндэтгэлтэй хандаж буй эсэхэд шалгалт явуулдаг. Иргэд гэртээ байгаа их удирдагчдын зурагт гэрийн эзэдтэйгээ ижил хүндэтгэлтэй хандаж, үргэлж арчиж цэвэрлэж байх ёстой. Хэрэв удирдагчдын зурагт зохих ёсоор хүндэтгэл үзүүлэхгүй бол төрд тэрсэлсэн ноцтой гэмт хэрэгт тооцогдож хүнд шийтгэл хүлээх ялтай.

Үүнээс гадна Хойд Солонгосын их удирдагчдын хөрөг зураг тус улсын бүх албан газрууд, сургууль, цэцэрлэгийн өрөө, анги танхим, олон нийтийн газар, метроны буудлуудад залаатай байдаг.

Харин их удирдагчдын хөрөг зургийг үер ус болон гал түймрийн гамшгаас аварсан хүнийг баатарт тооцдог. Ялангуяа их удирдагчдын зургийг аврах гэж байгаад амь насаа алдсан хүмүүст төрөөс хүндэтгэл үзүүлж ар гэрт нь нөхөн олговор олгодог журам хүртэл байдаг аж.

Хойд Солонгосоос Өмнөд Солонгос руу 2005 онд дүрвэсэн Жун Ёо-Сун гэгч эмэгтэй “Би маш их удирдагчдын хөрөг зургийг тэвэрсэн чигээрээ түймэрт шатаж эсвэл үерт живж амь насаа алдсан байсан хэд хэдэн тохиолдлыг харж байсан. Мэдээж ийм хэрэг явдлыг Хойд Солонгосын дарангуйлагч дэглэм суртал ухуулгадаа ихээр ашигладаг. Жишээ нь, 2012 онд Хойд Солонгосын Өмнөд Хэмконг мужийн Синьхун тосгонд 14 настай охин их удирдагчдын зургийг үерээс аврах гэж байгаад живж үхсэн тохиолдолд гарсан. Нас барсных нь дараа түүний баатарлаг үйлсийг сайшаан их удирдагч Ким Чен Ирийн нэрэмжит Залуучуудын алдрын одонгоор нэхэн шагнаж, сурч байсан сургуулийг нь түүний нэрээр нэрлэсэн” гэсэн байна.

Хойд Солонгосын өнөөгийн удирдагч Ким Жон Уны албан ёсны хөрөг зураг 2018 онд буюу түүнийг төрийн эрхэнд гарснаас хойш долоон жилийн дараа хэвлэгдсэн байдаг.

Эх сурвалж: Daily NK

  • Хойд Солонгост шашин байхгүй зөвхөн их удирдагчаа бурхан мэт шүтэх хуультай. Дээд албан тушаалтнууд хуралд сууж байхдаа их удирдагч нь үг хэлбэл гараа дээш өргөн алгаа хүчтэй таших ёстой. Ард түмэн их удирдагчаа харвал чин сэтгэлээсээ уйлах ёстой!!! Энэ чинь тархи угаалт. Хойд Солонгост интернэт байхгүй гадаад орноос тусгаарлагдсан! Мөн гадаад оронд гэрээгээр ажилласан ард түмнийхээ хөдөлмөрийн хөлсний 50% улс хураан авч цөмийн зэвсэг үйлдвэрлэх зардалд нийлүүлдэг. Аялалаар очсон гадаадууд маршрутийн дагуу харгалзагчийн хамт хатуу хяналтан дор аяладаг

Холбоотой мэдээ