ЗЭЭЛТЭЙ НЬ ЗУРГААН САЯ ТӨГРӨГ, ЗЭЭЛГҮЙ НЬ НЭГ САЯЫН ВАУЧЕР АВАХААР БОЛОВ

2020-01-12 262
  1. Монголчууд яг АРАВ хоногийн турш нэг л сэдэвт анхаарлаа хандууллаа. Тодруулбал, он солигдох мөчид Ерөнхийлөгчийн хундагатай мэндчилгээ олон нийтийг “тэтгэврийн зээл тэглэх” сэдэв рүү хөтөлсөн билээ. Энэ хугацаанд асар их талцал, таамаг, маргаан, шүүмжлэл, цэцэрхэл, хийрхэл өрнөж өнгөрөв.
    Эцэст нь өчигдрийн /2020.01.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Ингэснээр ЗУРГААН сая хүртэлх тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа чөлөөлж, тэтгэврийн зээлгүй ахмадуудад НЭГ сая төгрөгийн ваучер тараахаар боллоо.

-ӨРГҮЙ МОНГОЛ ХҮНИЙГ УЙЛТАЛ “ТЭГШ ЭРХ”-ИЙГ УЛАНДАА ГИШГЭВ–
Салхитын мөнгөний орд эргэлтэд орж эхлээгүй ч ийнхүү түрүүлж ашгийг нь барьцаалж бонд гаргана гээд хуулиа баталж орхив.
Ер нь “зээлтэйд нь чихэр, зээлгүйд нь чихрийн цаас” гэгч л болов. Нэгэнт хуулиа баталчихсан тул одоо ямар ч аргаар хамаагүй мэчийж байгаад зээл тэглэх нь ойлгомжтой болчихлоо. Харин зээлгүй иргэдийг эхлээд ямар ч байсан УИХ-ын сонгуульд санал өгчих 2021 онд ваучер өгье гэдэг “муухай” доромж маягийн барьцаанд хийчихлээ.
2020 оны сонгуулиар гарч ирэх гэсэн попуудын улайрал улсын эдийн засаг, тэгш эрх, ёс зүйг уландаа дэвсэлсэн нь энэ. Зургаан сая төгрөгөө зээлтэй нь чамлаж, зээлгүй ахмадууд тэгш эрх нэхэн уйлсан явдал өрнөлөө. Монголчуудын амьдралыг 2020 оны сонгуулиар л төсөөлсөн ахархан бодолтой өндөрлөгүүд. Гэвч Монголчуудын амьдрал 2020 оны сонгууль биш. Гэвч сонгууль угтсан энэхүү популизм, амлагаа нь МАН-ыг ялагдалд хүргэх нь тодорхой болоо хэмээн зарим хэвлэлүүдэд онцолж эхэллээ. Нээрээ ч тэд унах нүхээ өөрсдөө бэлдчихлээ дээ.
-ӨР ТЭГЛЭХ АСУУДЛААР ОУВС “ХАТУУ” МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ, ОДОО НҮҮРЭЭ БУРУУЛАХ УУ-
Ийнхүү популистууд хуулиа баталсны дараа ОУВС Монгол Улсын Засгийн газрыг гэрээгээ ЗӨРЧСӨН гэж үзэж, хатуухан мэдэгдэл гаргалаа.
Эл асуудлаар Олон улсын валютын сангийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб “Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС-тай хийсэн гэрээгээ зөрчиж байна” хэмээн мэдээлжээ. Тэрбээр “Энэ нь нийт ард иргэдийн нэгхэн хэсэгт туслах нэрийн доор тэртэй тэргүй өндөр байсан татварыг ДНБ-ий хоёр хувиар нэмэгдүүлж, цаашлаад инфляцыг өдөөн, валютын ханшийг нэмэгдүүлэх шалтгаан болоод зогсохгүй түүнд Засгийн газар зөв хяналт тавьж чадах эсэх нь санаа зовоосон асуудал болж байна. Баасан гаригт энэхүү төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс тайлбар асуухад хэн ч хариу хэлсэнгүй” хэмээжээ.

Хэцүү цагт тусалж нөмөр нөөлгөндөө оруулж явсан ОУВС ийнхүү 2017 онд байгуулсан гэрээгээ зөрчсөнийг хатуугаар сануулав. Одоо энэ тохиолдолд гэрээ цуцлагдах уу, ахиж манай улсыг харах уу, цаашид манайхтай гэрээлэх үү, гэрээлсэн тохиолдолд заалт бүр нь маш хатуу болох уу гэх эргэлзээнүүд үүслээ.
-МӨНГӨ ТАРААСАНДАА ХАРАМССАН С.БАЯРЫН ГЭМШИЛ “ҮНЭН ҮҮ”, СОНГУУЛИЙН “ГОРИДЛОГО УУ”-
Ахмадын зээл тэглэхтэй холбоотой хуулийн төсөл батлагдсаны дараа их л сонин үйл явдлууд ар араасаа хөвөрч байна.
Тухайлахад, Ерөнхий сайд асан С.Баяр өчигдөр /2020.01.10/ өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр 11 жилийн өмнөх алдаандаа буруу хүлээж сууна. Тэрбээр нүүр номын хуудсаараа дамжуулан “Буруугаа хүлээе. 2008 сонгуулиар бид мөнгө амласан. АН нэг сая гэхэд нь 1,5 болгож өсгөсөн. Олсон хэдээ хүүхэд, хөгшин, оюутан гээд ийш тийш тараасан. Авсан нь мартаж, өгсөн нь буруутдаг хорвоо. Сонгуулийн дүн ч шал эсрэгээр гардаг. 2012, 2016 онд энэ киноны 2, 3-р анги гарсан. Одоо 4-р анги ?” хэмээн жиргэжээ.
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр хэзээ хойно нь нэг л их харуусал тээсэн хүн. Гэхдээ өнгөрсөн хойно нь ч үнэнээ хэлж буруугуу хүлээж байгаа ганц хүн гэх пиар ч сонсогдов. Ямартай ч түүний гэмшил үнэн байв уу, ахиад сонгогдчих горидлого уу хэмээцгээж буй юм.
-Ж.БАТЗАНДАНГИЙН ЭЭЛЖИТ “ТЭНЭГЛЭЛ”-
Дайны хажуугаар дажин гэж зээлтэй ахмадуудын өрийг тэглэх хуулийн төслийг баталсантай холбогдуулан ШИНЭНамынхан зээлгүй ахмадуудын төлөөллийг Сүхбаатарын талбайд өчигдөр /2020.01.10/ цуглуулсан юм.
Улмаар тус намаас зээл тэглэхийг эсэргүүцэж байгаа цаасанд гарын үсэг зуруулж байна гэж хэлээд нэр бүхий шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт иргэдээр гарын үсэг зуруулж ээлжит тэнэглэлээ хийсэн. Жагсаалд оролцогчид нарийн мэдээлэлгүй хэдий ч гарын үсэг зурах ажиллагаанд идэвхтэй оролцсон байдаг.

Холбоотой мэдээ