Өвөрмонголчууд ”Мөнгөө Монголдоо өгье” аяныг эхлүүлжээ

2020-01-08 198

Хаврын эхэн сарын шинийн нэгэн цагаан сарын баяр юу юугүй хаяанд хүрээд ирлээ. Золголт хийхээр ирэх зочин гийчиндээ ямар бэлэг бэлдэх билээ гэж гэргий нар үглээд эхэллээ. Аавдаа, ээждээ, ахдаа, эгчдээ, дүүдээ юу өгөх вэ гэж тархиа гашилгаж байна. Монголчууд бид бэлэг гэхээр л юуны түрүүнд Эрээний оймс, хямд тамхи бодоод явчихдаг. Гоо сайхны бараа авч өгье гэхээр хугацаа нь дуусчихсан ч юм уу, эсвэл хэт үнэтэй болчихдог. Хүнсний бүтээгдэхүүн өгье гэхэд захын хүүхдүүд үнэндээ тоохоо байсан. За, тэгээд айлын хүүхдэд боов чихэр өгөөд сууж байх нь настангуудад ч гээгдсэн заншил. Ханиад томуутай ид улирлын энэ үед хайртай үрстээ нян халдвар тээсэн байх магадлалтай хүнсний бүтээгдэхүүнийг хэн л тэгтлээ ойшоох билээ. Хөгшид “Дайны үед цагаан сараар айл хэсэхэд домбон ёотон өгөөд, тэрний амттайг яриад яахав. Ул боов өвөртөлж хол саахалтуудаа хэсдэг байлаа” энэ тэр бол өнгөрсөн зуунтайгаа адил өнгөрсөн явдал болсон. Өнөөгийн бэлэн хэрэглээний ертөнцөд даавуу даалимба, торго дурдан алд алдаар дэлгэн бариад ч ашиг болоод өгөөж муутай. Өндөр настангуудыг хүндэтгэл болгож хадаг барьж болох ч тийм ч хүсүүштэй бэлгийн тооноос хэдийнэ хасагдсан гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж болно. Эцэст нь ер нь яаж ч бодоод байсан үндэсний мөнгөн тэмдэгтээ л бие биедээ бэлэглэхээс сайхан гарц тэгтлээ нэг их харагдахгүй байгаа юм даа. Бидний мах цусны тасархай Өмнөд Монголчууд маань “Мөнгөө Монголдоо өгье аяныг эхлүүлж, цагаан сараар хятад биш монгол бараа авах уриалга гаргаж. Эдийн засагч Дашзэвэг гуай ч энэ уриалгыг дэмжиж “Өвөр монголчууд Монголоос ирж бэлэг авах гэж байхад бид Эрээн, Бээжин явах хэрэггүй, мөнгөө бэлэглэцгээе” гэж жиргэсэн байна. Алгаа дэлгэн өгөхөд хөнгөн ч хамгийн оновчтой бэлэг бол ерөөсөө яаж ч бодсон мөнгө л юм даа. Улс орныхоо эдийн засгийг бодсон ч, ойр дотныхныхоо алгыг тэнийлгэхэд мөнгөнөөс оновчтой бэлэг хаа ч байхгүй гэдэгтэй хүн бүхэн л санаа нийлж уриалгыг дэмжицгээх биз ээ! Цагаан сараар мөнгө бэлэглэцгээе, цаашдаа ч мөнгө бэлэглэж хэвшицгээе!

Холбоотой мэдээ