Ц.Мөнх-Оргил: Арванхоёрдугаар сард 100 тэрбумын тэтгэврийн зээл гарсан гэнэ шүү

2020-01-08 252

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлж, тэглэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр өндөр настны болон халамжийн тэтгэвэр, тэтгэмж, цэргийн тэтгэврээ арилжааны банкинд барьцаалан зээл авсан иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх талаар тусгасан. Төслийн танилцуулгыг ХНХ-ын сайд С.Чинзориг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

-УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:  Төв банк ямар эх үүсвэрээр бонд худалдаж авах юм бэ. 2012-2016 онуудад Монголбанкинд ажиллаж байсан хэсэг нөхөд Монголбанкны өөрийн хөрөнгийг хасах гурван их наяд төгрөг болгосон. 2018 оны гүйцэтгэлээр одоогийн ажиллаж байгаа хүмүүсийн зүтгэлээр  энэ  тоог хасах 1.5 их наяд төгрөг болгож бууруулсан. 2019 оны гүйцэтгэлээр энэ алдагдлын хэмжээ хэд болсон бэ. Мөн тэтгэврийн зээлийн хэмжээг тэглэх иргэн банк хоорондын харилцааг Засгийн газар батлах юм уу, үгүй юү. Засгийн газар оролцохгүй гэж төсөлд тусгасан байна. Ахмад настны эрхзүйн байдлын тухай хууль гэж бий. Энэ хуульд ахмад настны өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тэтгэвэр, тэтгэмж, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, барьцаалахыг хориглоно гэсэн заалттай. Үүнийг яаж зохицуулж байгаа юм бэ.

-Монголбанкны Ажлын хэсэг: Төв банкинд “Эрдэнэс Ресурс” үнэт  металь худалдаалах таван жилийн гэрээ байгуулсан.Үүнийг нь ирээдүйд Монголбанк худалдаж авна гэдэг байдлаар зохицуулж байгаа. Төв банкинд одоогоор эх үүсвэр байхгүй учир шинээр мөнгөний нийлүүлэлт хийгдэх нөхцөл байдал үүссэн. 2019 оны жилийн эцсийн байдлаар Монголбанк хасах 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай  гарсан. Он гараад алтны үнэ өсөлттэй байгаагаас шалтгаалж дээрх тоо буурна.

-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Нийгэмд талцал авчирсан сэдэв болоод байна. Ядуу амьдралтай, захын хороололд амьдардаг иргэдэд зээлийн дарамт болж байгаа нь үнэн. Тэтгэврийн зээл олон жилээр урьдчилаад авсан иргэдийг нэг талаар дэмжих нь зөв. Хоёрдугаарт судалгааг хэр хийсэн бэ. Хэчнээн ахмад хэдэн сая төгрөг хүртэлх зээлтэй байгаа юм бэ. Нэг бүрчлэн гаргасан ангилал, тоо баримт байна уу. Эрсдэлийн зээлтэй хүмүүс ч байгаа. Мөн эрсдэлгүй зээлтэй хэдэн хүн байгаа вэ. Банкны нөхөд баярлаж байгаа байх. Эрсдэлтэй зээлийг нь төр хаах гэж байгаа учраас. Зээл аваагүй атлаа амьдралаа арай гэж залгуулж байгаа ахмад ч бий. Тэдэнд ямар нэгэн бодлого хэрэгжихгүй юм уу. Ялгаварлан гадуурхалт болох юм биш үү. Байгалын баялгийг гаднынхан хэдэн тэрбум, доллараар авч байхад хэдэн ядарсан ахмаддаа тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх нь зөв. Гол нь ялгавартай хандаж байгаа нь Үндсэн хуулийн зарчмыг зөрчинө. Зээл тэглэх сургаар оны төгсгөлд зээл авсан хүмүүс байгаа юм биш биз. Банкны нөхөд шивэр авир яриад ах дүү, хамаатан садандаа зээл олгосон асуудал гарах вий. Ахмадаа харж үзэх цаг нь болсон гэдэгтээ зарчмын хувьд санал нэгдэж байгаа.

-ХНХ-ын сайд С.Чинзориг: Бүлгээс Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Хоёр ажлын хэсэг саналуудаа нэгтгэх боломжтой. Арилжааны банкуудаас судалгаа сайтар авсан. 578 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл байгаагаас 112 мянган иргэн 3 хүртэлх сая төгрөгийн, 142 мянган ахмад 4 сая хүртэлх нийтдээ тэтгэврийн зээлтэй ахмадын 90.6 хувь нь  6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. 22 мянган иргэний 10 хувь орчим нь 6 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүү тэрбум 150 сая төгрөг байгаа. Энэ нь эрсдэлтэй зээл гэсэн үг. Хардлага сэрдлэг байхгүй. ҮАБЗ маш нууцын зэрэглэлтэйгээр шийдвэр гаргасан. Зөвлөмжийг 12 сарын 30-ны өдөр бид Засгийн газрын хуралдаанаар авсан. Арваннэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт зээлийн үлдэгдэл 775 тэрбум төгрөг байсан зээл жилийн эцсээр эсрэгээрээ буурч 758 тэрбум төгрөг болж буурсан. Үндсэндээ нэг сарын дотор 17 тэрбум төгрөгийн зээл дарагдсан.

-Монголбанк: 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл байна. Үүний 0.7 хувь нь чанаргүй зээл.

-ХНХ-ын сайд С.Чинзориг: ҮАБЗ-ийн хэмжээнд тэтгэврийн зээлийг тэглэх хүрээнд боловсруулсан. Одоогийн үйлчилж байгаа хуулиар ахмад настан өөрөө зөвшөөрөөгүй бол барьцаалахыг хориглоно гэсэн. Тэтгэвэр барьцаалан зээл олгохыг шууд хориглоно. Цаашдаа өрхийн орлогыг дэмжсэн бүтээгдэхүүн гаргах уу, эсвэл богино хугацаатай тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргахаар ярьж байна. Иргэдийн 90 орчим хувь нь 6 сая хүртэл төгрөгийн, 10 орчим хувь нь 6-аас дээш сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй байгаа. Хуулийн төслийг боловсруулахдаа анх иргэдийн тэтгэврийн зээлийн 6 сая хүртэлх төгрөгийг тэглэх санал анх гаргаж байсан. Гэвч ҮАБЗ-ийн зөвлөмжид тусгасан чиглэлээр явах болсон.

-УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хэдэн хүн арванхоёрдугаар сард нэмэлт зээл авсан байна бэ. Тэр хүмүүс дотор ҮАБЗ, Монголбанк, Засгийн газрын гишүүдтэй төрөл садны холбоотой хүн байна уу? Өнгөрсөн хугацаанд тал тал тийшээ тарсан байсан төсвийг нэгтгээд, төсвийн сахилгатай болсон. Гэтэл төсвийн гадуур зардал оруулаад ирлээ. Энэ нь макро эдийн засгийн хувьд аюултай зүйл. Сүүлийн хэдэн жил манай иргэд гэр бүлийн хэрэгцээний зээл аваад сурсан. Энэ шийдвэр УИХ-аар гарвал гольдрол алдагдана.

-ХНХ-ын сайд С.Чинзориг:  ҮАБЗ-ийн зөвлөмж гаргах сургаар, гарснаас хойш давуу байдлаа ашиглан бусдад зээл авсан эсэхийг мэдэхэд хэцүү. 12 дугаар сарын 30-ны Засгийн газрын нууц хуралдаанаар хэлэлцсэн. Тэгээд Монголбанкны Ерөнхийлөгчтэй тэтгэвэр барьцаалсан зээлийг нэгдүгээр сарын 1-нээс зогсоох талаар ярьсан. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг төсвийн харилцаанаас тусад нь зохицуулах зарчим баримталсан.

-УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Миний ойлгосноор 10 буюу түүнээс дээш сая төгрөгийн зээл оны сүүлээр гарсан байна лээ шүү. Нийт үнийн дүн нь 100 гаруй тэрбум төгрөг болоод байгаа юм билээ. ҮАБЗ гарах нь эрт тодорхой болсон юм билээ шүү.

-УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Эдийн засагт бий болох шокийг засах л нөхцөл байдалтай боллоо. Өргөн барьсан хуулийг харахаар зээл төлөх эцсийн хүн нь Төв банк байна. Тэгэхээр Төв банк мөнгө хэвлэнэ. Төв банк төгрөгийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах ёстой. Энэ хууль Төв банкны хуультайгаа нийцэж байгаа юм уу. Санхүүгийн тогтвортой байдлыг хангахтай ч бас нийлэхгүй байна. Үүн дээр Монголбанк ямар байр суурьтай байгаа юм бэ. Хамгийн том эрсдэл бол төсвөөс гадуур мөнгийг алдчихаад дараа нь тэр шокноосоо яаж гарах вэ. Төсвөөс гадуур хяналтгүй маш том эдийн засгийн эргэлтийг бий болгож байна. Нэг талаараа нэг төрлийн халамжийг бий болгож байна. Араас нь малчид, цалингийн зээл тэглэх хүлээлт, дарамт бий болно. Бонд гаргана гээд байгаа компани дөнгөж эхлэлийн баланстай юм биш үү. Мөн Хөгжлийн банк нийгмийн чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг банк огтоос биш.

-“Эрдэнэс Монгол” компанийн Санхүү хариуцсан захирал: “Эрдэнэс силвер ресурс” 2019 оны тайлангаа анх удаа гаргана. СХЗХ-той ажлын уулзалт явуулж байгаа. Энэ компани бонд гаргах боломжгүй. Харин толгой компани болох “Эрдэнэс Монгол” бонд гаргах боломжтой гэж үзсэн. “Эрдэнэс силвер ресурс” дээр бүртгэгдээд явна.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 400 мянган хүн тэтгэврээ урьдчилж авна гэвэл тэтгэврийн ачаалал нэмэгдэнэ. Ийм нөөц байгаа юу. Тэтгэврээ 10, 20 мянгаар л нэмж байгаа шүү дээ. Ингэж урьдчилж өгөх боломж байгаа юу. Тэтгэврийн зээл тэглэвэл Монголбанк мөнгө хэвлэхээс өөр аргагүй. Монголбанк эцсийн хариуцагч болно. Энэ ямар нэгэн хуультай зөрчилдөхгүй юу. Ганцхан сарын дотор яагаад 100 тэрбум төгрөг гарав. Өмнө нь нэг сарын дотор 100 тэрбум төгрөгийн зээл гарч байгаагүй. Энэ мэдээлэл чинь алдагдсан юм биш үү. Банкууд энэ бондыг авах заавал авах үүрэгтэй юу. Хаан банк 500 тэрбум төгрөг авна гэж байгаа ч үүнийг зөвшөөрч байгаа юу?

-Монголбанк: Анх хуулийн төсөл дээр санал авахдаа Монголбанкин дээр алдагдал гарвал Засгийн газар бонд гаргаж нөхнө гэсэн байр суурьтай байгаа.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Тэтгэвэр барьцаалсан зээл бол НХХЯ, Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргаж байгаа юм биш. Арилжааны банкны бүтээгдэхүүн. Үүнийг би сайдаар ажиллаж байгаа хоёр жил ярьж байна. Энэ бол буруу зүйл. Тиймээс энэ зээлийг солих ёстой. Хуульд богино хугацаатай тэтгэврийн урьдчилгаа олгоно гэсэн заалт байхгүй. Би сайдын хувьд ийм бүтээгдэхүүн гаргах ёстой гэж Монголбанктай ярьж байгаа. Богино хугацаатай урьдчилгаа гаргавал Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргахгүй. Арилжааны банкуудаас гаргана. Харин Нийгмийн даатгалын сангаас үйл ажиллагааны зардлыг гаргана гэж ярьж байгаа. 11 сарын 31-ний байдлаар 775 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 12 сайрын 31-ний байдлаар 147 тэрбум төгрөгөөр буурсан. Гишүүд зээл нэмэгдсэн гэж ярьсан учраас Хаан банк, Төрийн банкнаас ямар зээл гарсан бэ гэдэг судалгааг авч байна. Мэдээллийг чуулган дээр ч юм уу өгнө.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Иргэд тэтгэврээ хүүгүй, гурван сарын хугацаатай авна гэж байна. Үүнийг банк даа гэж хэлж болохгүй шүү дээ. Тэтгэврийн зээл авсан хүмүүс нэмэгдсэн байна шүү дээ. 100 тэрбумын зээл гарсан байна.

Холбоотой мэдээ