БАРИГДСАН БАРИЛГА БҮР ДЭЭР НЬ ШАХУУ ХҮНИЙ АМЬ ЭРСЭДДЭГ ” ЭКО”-ГИЙН С.НЯМДАВААД МОНГОЛЫН ШҮҮХ ҮЙЛЧИЛЭХ ҮҮ

2020-01-06 152

Нийслэлд орон сууцны олон барилга барьж, ашиглалтад оруулдаг ч чанар нь иргэдийн сэтгэлд тэр бүр нийцдэггүй “Эко констракшн” компанийн удирдлагыг хууль сахиулах байгууллагынхан шалгаад багагүй хугацаа өнгөрч буй. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутагт тус компанийн барьж буй барилгад 2018 оны хавар хүний амь үрэгдсэн осол гарсан юм. Уг ослоос хойш хэдхэн хоногийн дараа тухайн барилгаас нь юм унаж, доор нь явж байсан ажилчин нь цохиулж гэмтсэн байдаг. Хэдхэн хоногийн дотор хүний амь, эрүүл мэндийг хохироосон осол удаа дараа гарсан учраас Хан-Уул дүүргийн цагдаагийнхан “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа, дэд захирал, хөдөлмөр хамгаалал болон барилгын талбай хариуцсан албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн хэрэг нээн шалгаж, улмаар тус дүүргийн Прокурорын газраас дээрх хүмүүсийг яллагдагчаар тооцсон. Гэвч яллагдагчаар татагдсан “Эко констракшн”-ы удирдлага, тэдний өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, гомдол гаргасаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгахад хүрч болзошгүй байгаа юм.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн хавар барилгын салбарт гарч буй үйлдвэрлэлийн осол, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийхдээ “Үйлдвэрлэлийн ослын тоо жилд 20-40 хувь буурч байгаа ч хангалтгүй. 2018 онд барилгын салбарт 17 осол гарч, долоон хүн нас баржээ. Хүний амь эрсдэх осол гаргасан “Эко констракшн”, “Хурд групп”, “Модун” зэрэг компанид акт тавьж, барилгын ажлыг зогсоож байсан. Барилгын салбарт гарч буй ослын 80 хувийг өндрөөс унах, дээрээс юм унах осол эзэлж байгаа” хэмээн өгүүлж байв.

Нийслэлийн хэмжээнд 2016-2018 онд барилгын салбарт гарсан ослын судалгаанаас үзэхэд, “Эко констракшн” компанийн Хан-Уул дүүргийн нутагт барьж буй барилгад жил бүр осол гарч, 2016 онд хүн гэмтсэн бол дараагийн хоёр жилд нь тус бүр нэг хүний амь хохирсон байдаг. Эл компанийнхан барилгын үйл ажиллагаагаа эхлэх зөвшөөрөл холбогдох байгууллагаас аваагүй бүтээн байгуулалтаа өрнүүлж байх үед нь нэг бус осол гарсан нь шалгалтын явцад тодорхой болсон.

Гэвч эрүүгийн хариуцлага хүлээж байсан удаагүй. Харин энэ удаа яллагдагчаар тооцсон дээрх хэргийг шүүхэд удахгүй шилжүүлэх бөгөөд шүүх хариуцлага тооцох, эсэх нь эргэлзээтэй.  эх сурвалж  TV MONGOLIA

Холбоотой мэдээ